sonin.mn

 

Бидний цөөхөн Монголчууд аяныхаа богцийг задалж дээжээс нь Улаанбаатарчууд бидэнд, өв соёлоосоо өөрийн ч мэдэлгүй холдож буй төв суурин улсуудад, даяаршиж буй орчин цагийн шинэ Монголчуудад “амсуулж” байна. Нэг цаг хугацаанд тэс ондоо ахуй байдал, хэв маягаар амьдарч буй Монголчуудыг эндээс харицуулан харж болно. Улсын нийслэлд дэлхийн хамгийн орчин үеийн компьютэрийн мэргэжилээр сурч буй залуу байхад эх орны маань хойморт, алс хол сарьдаг өндөр уулсын өвөр дэх суманд галч хэмээх эртний мэргэжилээр магадгүй сүүлчийн нэгэн нүүрс хүрздэн сумаа дулаацуулан ажиллаж байх юм. Халуун зунаар хөдөөний айлд ороход хөлдүү нойтон махаар хоол хийж, өнөө өглөөний Чингисийн талбай дээр болсон жагсаалын тухай санал бодлоо солилцон, Солонгост ажиллаж буй хүү рүүгээ утасдаж ирсэн гийчдийн тухай сонин хачин дуулгах болж. Борцтой хоол хийхгүй байна, хотоор сонин хачин юутайв, ганц хүүгээс минь сураг ажиг захиа занаа гэж амаа ухуулж, өвөр түрийрүүгээ өнгийлгүүлэх гэсэнгүй ээ...зүгээр л амьдралдэндүү хурдтай өөрчлөгдөж байна. Уржигдарын морьтой адуучин өчигдөр мотоциклтой болсон, өчигдөрийн ил галтай цаатан өнөөдөр өлзий зуухтай болж, өнөөдрийн би маргааш ямар болхыг хэн мэдэхэв. Энэ төслөөс төрсөн сэтгэгдэл “өчигдөрийг өнөөдөр сануулах, өнөөдрийг ирээдүйд хадгалах” юм байна. 
 
Сонин.мн: Хөвсгөл аймгаар, хөдөө нутгаар амьдрал ахуй хэр байна даа?
 
Гэрэл зурагчин Л.Батаа: Сайхан байнаа. Хүмүүс нь найрсаг, наргианч, хөгжөөнтэй, өвөрмөц. 57 хоног аяллаа. Үзэж харах судлах зүйл их байна. Бид хотод ирээд зураг, бичлэг гээд бүх материалаа компьютэртээ бүтэн 8 хоног өдөр шөнөгүй хуулсан. Минийх л гэхэд 2 трабайт болж байсан шүү. Гэсэн ч цаг хугацаа, үзэж харах, уулзаж учрах хүмүүс гээл чамлалтай байлаа.
 
 
 
 
47-н зуухтай сумын сургууль. Галч үүрийн таван жингээр босч сургуулиа галлан хүүхдүүдээ хүлээж авахад бэлдэнэ. Захиргаа, сургууль, эмнэлэг, цагдаа айл өрхөөс өгсүүлээд сум өвөлдөө 300 машин түүнээс ч их түлээ ШАТААНА. Цагаан-Үүр суманд л гэхэд өвөлдөө -40, -50 хэмд хүрэх нь энүүхэнд. 8-н галч сумаа хөлдөөчихгүйн тулд өвлийн турш өдөр шөнөгүй мод түлнэ. Энэ сум энэ өвөл 300-г, дараа жил 400 машин, тэрний дараа жил 500...тэгээд дараа нь юугаар дулаацах вэ? Хөвч тайга маань юу болж үлдэх вэ?  
 
 
 
 
 Гэрэл зурагчин Л.Батаа үзэгчдэд үзэсгэлэнгээ тайлбарлаж явна.  
 
 
 
 
Байгаль эх, хөвч тайга, цас бороо, нар салхи түүний нүүрэнд туулсан амьдралыг нь, Ариг голын анчдын удам судар, үүх түүх, соёл уламжлал, ан гөрөө, уул ус, ургамал амьтан бүгдийг шингээн, үрчлээ болгон бичиж үлдээжээ. Өвгөн гөрөөчин Дэлгэрийн  хөргийн өмнө үзэгчид хамгийн их саатаж байгаа нь түүний амьдралаар агшин зуур ч амьдарч, төсөөлөн бодож, мэдрэх гэсэн дээ биз ээ... 
 
 
 
 
Тайгын доктор Т.Ганбатын “түргэний машин”. Ногоон гэрэлний оронд эвэр, дуут дохионы оронд боохирч хөвч тайгынхаа хаа ч хүрэх чадалтай халуун амь, бүлээн цустай “ойн медаль, баярын бичиг, шагнал урамшилгүй ч гэсэн гомдож тунирхаж яваагүй түмнийхээ төлөө өөрөө ч мэдэлгүй зүтгэж яваа төрийн нэгэн цалингүй албан хаагч”...  
 
 
 
 
Нүдээ нуугаагүй зайран...Үнэн худал нь үл мэдэгдэх үйл явдлаар дүүрэн үймээнт энэ ертөнцийн үнэний ганц гэрч бол нүд...Бөө мөргөл бол байгаль эхийгээ хайрлах сэтгэл, хүмүүний сэтгэлийн засал, явдал суудал, учир шалтгаан, үйл хэргийн учгийг тайлагч...Дөрвөн хананы дунд бус уул ус лус савдагийнхаа дэргэд байж захиас, сургаалийг нь хүн арддаа түгээгч болхоос амьтан хүний амьдралын ар талыг даагч, хавдраас хагацаагч, өвчнийг өнгөрүүлэгч нь биш хэмээжээ... 
 
 
 
 
Гэрэл зурагчин Л.Батаа: “Ямар сонихон, ямар энгийн, ямар гайхалтай, ямар хачирхам амьдрал туулсан юм бэ гэмээр улсуудтай их таарч явлаа”...Хөвчийн хүрнээс “адис авч явсан” анчин, Далай ээжийнхээ усан замын цадигийг хүүрнэн, өдгөөч зангуутай малгайгаа тавиагүй 90-н настай амьд домог, капитан өвгөн, цаатан ардын төлөө цаагаа унаж, чагнуур өвөртөлөн эрүүл энхийн соргог манаанд 30-н жил “зогссон” цагаан нөмрөгт баатар, эх орноо төлөөлөн олон улсад элчин хийж явсан ч одоо сумандаа эгэл жирийн амьдралаар эрдмийн ажлаа тууриван аж төрөн суух дипломатч, үе дамжсан удган, зайран, дархан...Хүн хүний амьдралын бичлэг өөр...гэхдээ онцгой содон өвөрмөц бичлэг үлдээсэн нь ихгүй...тэдгээр хүмүүстэй уулзаж хөргийг нь, хууч яриаг нь, үүх түүх, туулсан замынх нь зургийг “баринтаглан” өв болгон үлдээнэ гэдэг ирээдүйд зорчих урт холын аянтай залуучууд, хүүхдүүдэд замын дэнлүү болох учиртай буянтай үйлс шиг санагдаж байлаа... 
 
 
 
 
Гэрэл зурагчин Л.Батаа: “Аль ч суманд явсан нутгийн ардууд камерийн өмнө зогсохдоо уриалгахан байх юм. Гудманд таарсан хүн хүртэл төслийн зорилгыг дуулаад нутгийн дуугаар аяны богцийг минь мялааж байх жишээний. Ялангуяа хүүхдүүд. Тэд гэнэн цагаан цайлган инээдээрээ, сониучхан, цовоо сэргэлэн харцаараа уран бүтээлчид бидний гэрэл зургуудад гэрэл гэгээ нэмж байлаа”... Тиймээ тэдний хөргүүдийг харахад  хотын бидний сэтгэхүйд суусан шиг камер харвал л яах гэж байна, фэйсбүүк, цахим ертөнцөд “од” болгочих вий гэсэн хардалт сэрдэлтийн хачин харц үгүй нь анзаарагдана... 
 
 
 
 
Байрныхаа хагархай цонхоор харах хоёр сурагч. Тэдний сэтгэл одоохондоо “хагараагүй” нь сайхан. Гуниг үгүй хиргүй тунгалаг нүдээрээ гэнэтийн гийчдийг сонжино...Удахгүй эрдмийн, амьдралын эрэлд гарч эдгээр хүмүүсийн ирсэн газар луу очино... Эргээд харин энэ сумандаа ирэх болов уу? Их хотын амьдралын эргүүлэгэнд шингэх болов уу? 10-21 цагийн хооронд Зайсангийн Q-Art Gallery-д ирж энэ зурагнаас өөрийн дүгнэлтээ хийгээрэй...
Энэ сарын 11-нд өндөрлөх хоймор сайхан Хөвсгөл нутгаар аялсан аялалын тайлангийн өчүүхэн хэсэг, дээж болгон гаргасан гэрэл зургийн үзэсгэлэнг төслийн багийн гишүүдийн хамтаар аялалын сонин хачин, жаргал зовлон, тэдний уран бүтээлийн тухай, цөөхөн хэдэн Монголчуудынхаа тухай, алслагдсан аймаг, сумдын хүн ард, зон олны аж байдал, ахуй амьдрал, байгаль цаг уур, хүн малын тухай сонин содон, энгийн даруу, инээд хөөртэй, гуниг харуусалтай яриа хөөрөө өрнүүлэн үзэж сонирхохыг  таньд санал болгож байна. Мөн удахгүй эхлэх баруун зүгийн аялалд нь амжилт хүсч урам зориг хайрлан, уран бүтээлийн олз омог, аян замын ерөөл тавиарай. 
 
 
Сэтгүүлч  Ч.Явуухүү