sonin.mn
Австралийн эрдэмтэн Бэрри Маршал болон Робин Варрен нар 1982 онд хүний ходоодны салстаас хеликобактерийн нянг амжилттай өсгөвөрлөж “Ходоодны ихэнх үрэвсэл, шархны шалтгаан нь стресс болон халуун ногоо биш харин нянгийн халдвар юм” гэж анагаах ухаанд нэгэн том нээлт хийснээ зарлажээ. Тэд энэ нээлтээрээ 2005 оны физиологийн салбарт Нобелийн шагнал хүртсэн байна. Хеликобактери нь ходоодны архаг үрэвсэл үүсгэж, цаашид ходоодны хавдар үүсэхэд нөлөөлдөг болох нь тодорхой болжээ. Нянгийн халдварын шалтгаант ходоодны эмгэгийн 20-30 хувь нь хавдарт шилждэг байна. Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хеликобактерийн халдвар авсан ба үүний 30-40 хувийг нь өндөр хөгжилтэй орны хүн ам, харин 70 орчим хувийг нь хөгжиж буй орнуудын хүн амд бүртгэгдэж байгааг судлаачид мэдээлжээ.
 
 
Хеликобактери нь ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян. Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь хүчиллэг шүүснээс ходоодны ханыг хамгаална. Хеликобактери нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерийн амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг. Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх ч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерийг устгаж чаддаггүй. Хеликобактери ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах ч тэр нь нянгаас гадна ходоодны салт бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг байна.
 
ХЭРХЭН ХАЛДВАРЛАДАГ ВЭ?
 
Хеликобактери ам, өтгөн, эмнэлгээс шалтгаалан дамждаг. Халдвар тархахад амьдрал, ахуйн нөхцөл, ариун цэвэр чухал нөлөөтэй. Эхний хоёр нь хүн амын дунд халдвар тархах гол зам болдог. Гэр бүлийн гишүүдийн дунд болон эцэг эхээс хүүхдэд халдвар дамжих нь элбэг. Тухайлбал, аяга, халбага дамжуулан хэрэглэх, амнаас аманд хоол хүнс хувааж идэх, нэг савнаас унд уух, хооллох үед халдвар дамжина. Судалгаагаар хүний шүлс, шүдний өнгөр зэрэгт хеликобактери илэрсэн бөгөөд нэг тавагнаас хооллодог заншилтай зарим үндэстний дунд хийсэн судалгаагаар хоол идсэн савхнаас нь нян илэрсэн байна.
 
Хүн, амьтны өтгөнөөр бохирлогдсон эд зүйлс, төв суурин газрын ахуй хангамжийн ус, бохир гараар дамжиж халдварлана. Перуд хийсэн судалгаагаар нийтийн ундны усанд хеликобактери илэрсэн байна. Хөгжиж буй орнуудад халдвар дамжих хамгийн гол зам юм. Харин эмнэлгийн нөхцөлд багаж хэрэгсэл, ялангуяа, ходоод дээд гэдэсний дуран, ходоодны шүүрлийн шинжилгээний уян гуурсаар халдвар дамжих боломжтой.
 
ИЛРЭХ ШИНЖ ТЭМДЭГ
 
Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед ходоод хоосон үед илүү мэдрэгддэг. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг эмүүд уухад мөн арилна. Мөн жин буурах, цээж гашуун оргино, хорсох, дотор муухай оргих, бөөлждөг. Зарим хүнд дээрх шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байж болно. Хэрэв ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх, өтгөн бараан хар өнгөтэй, цусархаг зүйл үзэгдэх, кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих шинж илэрвэл эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй. Эдгээр шинж тэмдэг нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг. ДЭМБ-аас хеликобактерийн халдварыг хоёроос доошгүй шинжилгээний аргаар баталгаажуулах шаардлагатай хэмээн зөвлөдөг.
 
ЭМЧИЛГЭЭ
 
Хеликобактерийн эмчилгээний гол зорилго нь бактерийг үхүүлэх антибиотик эмчилгээ байдаг. Антибиотикийн үйлдлийг дэмжих үйлдэлтэй өөр эмүүдийг хавсарч эмчилдэг бөгөөд уг эмчилгээ нь өвчтөн бүрт харилцан адилгүй байна. Эмчилгээг дур мэдэн хийвэл хеликобактери антибиотикт тэсвэртэй болох, өвчин архагшиж эмчилгээ үр дүнгүй болох аюултай. Иймд заавал мэргэжлийн эмчид хандан эмчилгээ хийлгэх ёстой.
 
ХЭРХЭН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВЭ?
 
Халдвар авахгүйн тулд эрүүл ахуйн энгийн дэглэмийг сахих шаардлагатай. Тухайлбал, гараа тогтмол угаах, аюулгүй баталгаатай ундны ус хэрэглэх, хоолны хэрэгслийг зөв гүйцэт ариутгаж угааж хэрэглэх, хүнсний аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн ариутгалыг стандартын дагуу хийхийг ХСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд анхааруулж байна.
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин