sonin.mn
Монголын ”Оскар“ хэмээн олны дунд нэрлэгддэг “CINEMA AWARDS”-ын нэгэн содон өнгө нь “Итгэл” уран сайхны киноны хамт олон байв. Шилдгийн шилдэг бүтээлийн шагналын эзэн болсон “Итгэл” уран сайхны киноны продюссер С.Урантай ярилцлаа.
 
-Юуны өмнө та бүхэнд баяр хүргэе. Босго өндөртэй наадмын Шилдгийн шилдэг бүтээлийн эзэн боллоо?
 
-Баярлалаа. Үнэхээр сайхан үдэш байсан. Энэ том наадмыг шинэ түвшинд зохион байгуулж, мөн ивээн тэтгэсэн хамт олонд, компанид улам их амжилт хүсье.
 
-Танай хамт олон нэг биш хэд хэдэн номинацийн эзэн болсон. Энэ баярт мэдээг хамгийн түрүүнд хэнд хүргэв?
 
-“CINEMA AWARDS”-ыг зохион байгуулалт, олонд хүргэх сүлжээ сайн байсан учир Боловсрол телевиз, сошиалаар хүмүүс үзээд шууд залгаж баяр хүргэсэн. Хүмүүс рүү залгах зав олдохгүй л байлаа шүү.
 
-“Cinema Awards” ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл аваад ямар сэтгэгдэлтэй байсан бэ?
 
-Эхэндээ ямар болох бол, юу л болох бол гэсэн эргэлзээ байсан нь үнэн. Харин үүднээсээ эхлээд л ямар сайхан наадам болох нь илт байсныг мэдэрсэн. “Cinema Awards”-ын хамгийн их таалагдсан зүйл нь шүүлт.
 
Кино урлагийн зөвлөл гэж тусад нь байгуулаад шүүлтийг мэргэжлийн хүмүүс хийсэн нь олзуурхууштай санагдлаа. Мэргэжлийн шүүлтийг олон нийтийн санал асуулгатай хавсаргана гэдэг маш том ололт. Өмнө нь ганцхан кино наадам олон жил зохиогдож ирсэн. Тэрхүү наадмыг шинэ шатанд, ахисан түвшинд гаргах шаардлага үнэхээр их байсан. Зохион байгуу­лалтын хувьд, шүүлтийн хувьд өөр байна гэдгийг сонсоод баярласан.
 
-Хүнд урам өгнө, хүнийг дэмжинэ гэдэг нь өргөмжлөл, батламж төдий байх нь учир дутагдалтай. Зохион байгуулагчид энэ тал дээр онцгой анхаарсан нь анзаарагдсан. Шилдэг бүтээлд машин, шилдэг эрэгтэй дүрийн шагналд таван сая төгрөгийн үнэ бүхий LORIBLU брэндийн хослол, гутал өгсөн гэсэн үү. Ивээн тэтгэлгийн тал дээр таны бодол?
 
-Салбар салбарын шилдгүүдийг тодруулдаг арга хэмжээнүүд байдаг. Гэхдээ номинаци бүртээ ийм өндөр шагналтай тэр дундаа машин өгдөг наадам Монголдоо анхных болов уу гэж бодож байна. Мөн Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн киногоор шалгарсан “Цагаан хадаг” кино багийн гишүүдэд өгсөн МИАТ-ын хоёр талын нислэгийн тийз байна. Ямар том хөрөнгө оруулалт вэ гэж бахархан харж суулаа. Анх удаагийн “Cinema Awards” шагнал гардуулах ёслол маш өндөр босгыг тогтоож, амжилттай зохион байгуулж чадлаа гэж бодож байна. Тиймээс ирэх жилүүдэд энэ наадам улам сайжирч, илүү өндөр түвшинд зохиогдоно байх гэдэгт итгэлтэй байна. “Cinema Awards” -ыг зохион байгуулагчид ямар их сэтгэл, хүч хөдөлмөр гаргасан бэ гэдэг нь мөн харагдсан.
 
 
-Шилдгийн шилдэг киногоор шалгарсан “Итгэл” кино бодит түү­хээс сэдэвлэсэн. Киноныхоо талаар мөн зохиолын талаар мэдээлэл өгөөч?
 
-Бодит амьдралаас шууд сэдэвлэн бүтсэн кино гэж байна. Эсвэл бодит хүний амьдралын тодорхой нэгэн санаан дээр сэдэвлэж уран сайхны аргаар бүтээх нь бий. Бөөрний дутагдалтай нэгэн залуугийн амьдралаас сэдэвлэж “Итгэл” киноны зохиол бичигдсэн. Тэр хүний амьдралаас өвчтэй хүний сэтгэлзүй ямар хэцүү байдаг вэ, тэр хүнтэй харилцаж байгаа нийгмийн харилцаа ямар байна вэ, хэрхэн тэмцэж байсан бэ гэдэг эмзэглэл дээр сэдэвлэсэн зохиол юм. Кинонд долоо хоногийн үйл явдал гарч байгаа. Яагаад энэ зохиолыг амжилт олно гэж продюссер хүний хувьд сонгож авсан нь зохиол өөрөө маш сайн ритмтэй бичигдсэн. Мөн залуучуудад өөрийн амьдралдаа эзэн байх хэрэгтэй юм шүү гэсэн мессежийг өгөхөөр зохиол байсан учир сонгож авсан юм.
 
-Бусад номинациудад нэр дэвшсэн болоод шагнал хүртсэн кино, уран бүтээлчдийг хэр нүдээ олсон гэж бодож байна?
 
-Нүдээ олохоор барах уу даа. Жишээ нь шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг хүртсэн Монгол Улсын Ардын Жүжигчин Д.Мэндбаяр гуай гаднын кино наадмаас мөн шилдэг эмэгтэй гол дүрийн шагналыг авсан. Азийн шилдэг кинонуудаас шүүж, гурван кино үлдэсний нэг нь “Ээж” шүү дээ. Чансаатай уран бүтээл. Магадгүй хүмүүс сайн мэдэлгүй өнгөрсөн байж болно. Арилжааны зориулалттай хийгдсэн кино биш шүү дээ. Харин энэ кино шалгарсан нь шүүлт ямар  шударга, мэргэжлийн байсныг харуулсан. Залуу үедээ үлгэр дууриал үзүүлсэн кино “Цагаан хадаг”-ийг нэрлэмээр байна. Спорт хүнийг хүмүүжүүлдэг гэдгийг батлаад, бидний бахархал болсон тамирчин Д.Сумьяагийн хичээл зүтгэл, дайчин чанарыг харуулж чадсан. Спортоор хичээллэж байгаа мянга мянган залуучуудад урам зориг өгсөн бүтээл. Зураачийн номинацид Батжаргал ах, нүүр хувиргагчийн номинацид шагнал хүртсэн Дэлгэр эгч байна. Энэ бүхнээс харахад үнэхээр нүдээ олжээ гэж хэлмээр санагдсан. Кино гэдэг бол өөрөө бүх урлагийг нийлэмж, цогц гэдэг. Яруу найрагч Ү.Хүрэлбаатар гуайн хэлсэнчлэн “Кино бол урлагаас төрсөн урлаг юм” гэж тайзнаа хэлсэн. Ямар үнэн үг вэ. Үзэгчдийн таашаалд нийцэх гэдэг нэг өөр, урлаг талаас нь харах гэдэг бас нэг асуудал.
 
 
-“Итгэл” шилдэг киногоор шалгарлаа гэдгийг сонсох тэр мөчид ямар сэтгэгдэл төрсөн бэ?
 
-Холливудад зохион байгуулагддаг “Asian World Festival”-ын үзэгчдийн таашаалд нийцсэн киногоор шалгарсан. “CINEMA AWARDS” олон нийтийн санал асуулгаар шалгаруулсан ч ямархуу чансаатай кино хийсэн бэ гэдгээ бид мэдэрч байсан ч зуун хувь итгэлтэй байгаагүй. Шилдэг киног зарлахад маш сайхан байсан шүү. Шагналаа бататгаж чадлаа гэж бодохоор үнэхээр их баярласан.
 
-Монголд хүлээлт үүсгэсэн хэд хэдэн продакшн бий. Таны хань Б.Амарсайханы тоглосон кино тэр дунд зүй ёсооор орж байна. Цаашдаа ямар уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа бол?
 
-Бидний байгуулсан “Альфа” продакшны алсын хараа бол кино гэдэг экспортын хамгийн гоё бүтээгдэхүүн байж болох юм гэдэг дээр төвлөрч байгаа. Тиймээс үндэсний хөрөнгө оруулагчдад киног экспортын бүтээгдэхүүн байж болно гэдгийг таниулж, гаднын зах зээл рүү гарахыг зорьж байна. Монгол киночдын давуу болон сул талууд байгаа. Гадны театруудад гаргаад, театрын дистрибьютор хийгдсэн кино алга. Тийм туршлага ч байхгүй. Хамгийн наад зах нь салбараа сайн мэддэг хэлний өндөр чадвартай байх хэрэгтэй. Уран бүтээлчдийн хэлний мэдлэг сул тал болдог. Холливудад кино хэрхэн хийдэг талаар судалж, олон хүмүүстай ярилцаж үзээд өнгөний болон дууны найруулга буюу пост продакшн дээрээ сайжрах хэрэгтэй гэдгийг ойлгосон. Мөн мэргэжлийн сахилга бат гэдэг зүйлийг сайжруулах шаардлагатай гэдгийг сайн мэдэрсэн дээ.
 
Бид хэд хэдэн төсөл хэрэгжүүлж зураг авахаар төлөвлөж байна. Яг одоогийн төлөвлөгөөгөөр гаднын зах зээлд хоёр уран бүтээл, нэг төсөл гадна болон дотоодын зах зээл дээр зэрэг нээхээр их том амбицтай ажиллаж эхэлсэн.
 
Кино бүтээхэд ямар их хэмжээний хүч хөдөлмөр зарцуулдаг, эргээд сайн кино хийнэ гэдэг улс орны нэр хүндэд хэрхэн нөлөөлж болдог вэ гэдгийг ойлгож, ивээн тэтгэсэн компаниудад дахин талархал илэр­хийлье. “CINEMA AWARDS”уран бүтээлчдийг дэлхийд гарах шат болно гэдэгт итгэлтэй байна. Шагналын машинаа дараа дараагийн уран бүтээл хийхдээ ашиглана. Урлагийг дэмжин сайн сайхан үйлс рүү хөтөлж буй хүн бүхэнд улам их амжилт хүсье.
 
-Та бүхний ажилд улам их амжилт хүсье.
 
 
 
М.Ангар
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин