sonin.mn
НЬЮ-ЙОРК./TASS/. Нью-Йоркийн алдарт "Эмпайр-стейт-билдинг" гэдэг тэнгэр баганадсан өндөр барилгын гэрлэн чимэглэлийг Их Британийн Манчестерт болсон террорист халдлагад өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэн унтраажээ.
 
“Манчестер-Арена” битүү цэнгэлдэх хүрээлэнд орон нутгийн цагаар 22:35 цагт буюу Америкийн поп дуучин Ариана Гранде-гийн тоглолт дууссаны дөнгөж дараахан гэнэт хүчтэй дэлбэрэлт болсон юм. Тэсрэх төхөөрөмж концертын заалны хүрээний гадна үүдний танхимд дэлбэрчээ. Энэ дэлбэрэлтийг террорист халдлага гэж үзэж байна. Хамгийн сүүлд ирсэн мэдээллээр, дэлбэрэлтийн улмаас 22 хүн амиа алдаж, 59 хүн шархаджээ.
 
Нью-Йорк хотын эрх баригчид 102 давхар тэнгэр баганадсан барилгын гэрлэн чимэглэлийг томоохон террорист халдлагын золиос болсон орнуудтай эв санааны нэгдэлтэй байгаагийн илэрхийлэл болгон унтрааж байгаа нь анхны тохиолдол биш юм. Тухайлбал, өнгөрсөн оны 3 дугаар сард Брюсселийн нисэх онгоцны буудал, метронд цуврал дэлбэрэлтүүд болсны улмаас 30 гаруй хүн амиа алдаж, 200 гаруй хүн шархадсан билээ. Энэ эмгэнэлт явдлын дараа уг барилгын гэрлэн чимэглэлийг унтрааж байсан юм.
 
1931 онд баригдсан 102 давхар "Эмпайр-стейт-билдинг" барилга нь Нью-Йорк хотын хамгийн алдартай дурсгалтай газруудын нэг бөгөөд түүний өндөр нь 381 м юм. Харин антенныг нь оруулан хэмжихэд 443 м байдаг ажээ. Уг тэнгэр баганадсан өндөр барилга нь өндрөөрөө Нью-Йоркт гуравт ордог бол АНУ-д тавдугаарт ордог байна.
 
О.Барс 
Эх сурвалж: Монцамэ агентлаг