sonin.mn
Саяхныг хүртэл залуучууд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газаргүй, сонголт нь шоу цэнгээн, автомат тоглоомын газар болж байв. Тэгвэл одоо залуус өөрсдөө хичээвэл хөгжиж боловсроод, ажлын байртай болох үүд хаалга хэдийнэ нээгджээ. Тэгэхдээ бүр өнөө үеийн хамгийн эрэлттэй салбар болох мэдээлэл технологи. Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар үүсгэн байгуулагдаад богинохон хугацаа өнгөрсөн ч залуучуудад чиглэсэн олон үйл ажиллагааг санаачлан хэрэгжүүлж иржээ. Оюутан залуусын мэргэжил сонголтод гүүр болсон ажлын байрны өдөрлөг, зөвлөгөөг тогтмол өгч, залуусыг хорт зуршлаас урьдчилан сэргийлэх эерэг сэтгэлгээний давалгаа аяныг нийслэлийн есөн дүүрэгт зохион байгуулав. Харин энэ удаа залуучуудын хөгжлийг дэмжсэн олон төрлийн сургалтын төв, клубыг нэг дор нэгтгэсэн Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвийг өнгөрсөн баасан гаригт нээв. Энэ төвд үйл ажиллагаа явуулах гол төв нь “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төв. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас тус төвийг БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй төслийн хүрээнд идэвхжүүлэн ажиллана. Тиймээс монгол залуусын хөгжлийн төвийн нээлтэд Солонгос дахь мэдээлэл технологийн салбарын томоохон компаниудын төлөөлөл ч хүрэлцэн ирсэн байв.
 
 
С.Сүх-Очир: МОНГОЛ ЗАЛУУСЫН ОЮУНЫ БҮТЭЭЛИЙГ ЭКСПОРТЛОНО
 
Залуусын хөгжлийг дэмжих төвд мэдээллийн технологийн төв, бизнес инкубатор төв, залуучуудын сайн дурын төв, залуучуудын сонирхлыг дэмжих төвүүд ажиллана. БНСУ-ын Хамтын ажиллагааны байгууллагын төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” /MKIT/ сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуусыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж өндөр цалинтай ажилд ороход дэмжлэг үзүүлэх зорилготой гэнэ. Тодруулбал, залуусыг богино хугацаанд мэдээллийн технологийн салбарт мэргэшүүлж, сурган олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай боловсон хүчин бэлтгэх, Монгол дахь энэ салбарын мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн төвшинд хүргэхээр компьютерийн өргөн хэрэглээний программын сургалтаас гадна JAVA хөгжүүлэгч, вэб хөгжүүлэгч, вэб дизайн, систем админстратор, өгөгдлийн сан зэрэг нарийн мэргэжлийн зургаан төрлийн сургалтыг үнэ төлбөргүй үзүүлнэ. Энэ тухай Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Мэдээллийн технологийн салбар бол үргэлж зах зээл нь тэлж, өргөжиж байдаг. Хязгааргүй баялгийг бид бүтээж болно. Энэ салбарын дотоодын зах зээл бол харьцангуй жижиг. Нэг давуу тал нь гадаадын зах зээл рүү заавал тухайн салбарт очиж ажиллахгүйгээр эх орондоо бүтээгдэхүүн боловсруулж экспортлох боломжтой. Нэг ёсны оюуны мэдлэг дээр суурилсан эдийн засгийн хөгжлийг бий болгож, оюуны бүтээлийг экспортлох чиглэлээр ажиллаж байна. Ингэснээр нийслэлийн залууст хөдөлмөр эрхлэх бас нэгэн шинэ орчин бүрдэж байна. Түүнээс гадна УИХ-аар Залуучуудыг хөгжлийг дэмжих тухай хууль батлагдлаа. Үүнтэй уялдуулан Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар залуучуудыг хөгжлийг дэмжих чиглэлд ажиллахад улам таатай орчин бүрдэж байна” гэлээ.
 
Ий Чон Жун: ӨГӨГДӨЛ МЭДЭЭЛЛИЙН САНГИЙН ТӨВ БАЙГУУЛНА
 
Түүнчлэн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн БНСУ-ын “ХҮ ИЗ” компанийн ерөнхийлөгч Ий Чон Жун “Бид танай улсын залуучуудад мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгуулж, мэргэшүүлэхээс гадна Улаанбаатар хотод “Өгөгдөл мэдээллийн сангийн төв /Data backup center/”, “ХҮ ИЗ” дизайны төвийг байгуулна. Нийслэлийн залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын хамтын ажиллагааны байгууллага (KOICA)-ын санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” сургалтын төвтэй хамтран мэргэжлийн дизайнер бэлтгэх, бэлтгэсэн боловсон хүчнээр  “ХҮ ИЗ” ХХК-ийн төсөл, ажлыг гүйцэтгэх Мэдээллийн технологийн аутсорсинг /IT Outsourcing/-ийн тогтолцоог бий болгохоор ажиллана” гэв. 
 
Ямар нэгэн төлбөр хураамжгүйгээр мэдээллийн технологийн салбарт мэргэжилтэн болоход туслах “MKIT” сургалтын төв нэг ээлжиндээ 100-125 хүнийг сургах боломжтой гэж тус төвийн гүйцэтгэх захирал Ш.Төгсбаяр ярилаа. Сургалт гурван сарын хугацаагаар үргэлжилнэ. Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд 3000-5000 залууг нарийн мэргэжилтэн болгож төгсгөнө гэсэн тооцоог тэд хийжээ. Цаашид энэ төв дээр суурилан Хотын захиргааны оролцоотой Мэдээлэл технологийн дээд сургууль бо­лон өргөжүүлэх төлөв­лө­гөөтэй байгааг мэргэ­жилтнүүд дуулгав.
 
Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжих төвд залуус мэдээллийн технологийн чиглэлээр суралцахаас гадна бизнес санаагаа ажил хэрэг болгох орчин бүхий Бизнес инкубатор төвд “суурьшиж” болно. Энэ төв нь бизнесийн гарааг эхлүүлэх оффис тохижуулалттай. Шинэ, шинэлэг санал санаачлага боловсруулсан залуу та өөрийн гэсэн оффис, хаяггүй бол энэ төвд хүрэлцэн ирэх боломжтой.
 
Түүнээс гадна сайн дурын үйл ажиллагаа явуулах хүсэл тэмүүлэлтэй бол мөн л энэ төвд ирж өөрийн зорилго нэгт залуустай нэгдэн нийгэмд сайн үйлс бүтээх боломжтой юм байна.
 
Б.Заяа
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин