sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Сондра нүдний эмнэлгийн эмч нарын хамтарсан баг 8 настай Б хүүд нүдний болор суулгах, торлог шилэнцэрийн мэс засал эмчилгээг амжилттай хийлээ. 
 
Уг хүүхэд нь 2016 оны 10 дугаар сард толгойдоо гэмтэл авсны улмаас зүүн нүдний торлог бүрхэвч хуурсан, болор бүрэн цайлттай байсан тул Улсын Гуравдугаар төв эмнэлэг, ЭХЭМҮТ, Сондра нүдний эмнэлгийн нүдний эмч нарын бүрэлдэхүүнтэй зөвлөгөөн хийж олон шатлалтай мэс засал эмчилгээг цогцоор нь хийх шийдвэр гаргасан байна.  Дээрх 3 эмнэлгийн эмч, сувилагч нарын хамтарсан баг Б хүүд цайрсан болорыг авах, хиймэл болор суулгах, бүслүүр тавих, ховхорсон торлог засах, силикон тос хийх мэс заслыг УГТЭ-т энэ сарын 16-нд амжилттай хийжээ. 
 
Мэс заслын дараа хүүгийн хараа сэргэж, биеийн байдал харьцангуй тогтвортой байсан тул эмч нарын зөвлөгөөний шийдвэрийн дагуу ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлгийн нүдний мэс заслын тасагт шилжүүлж эмчилгээг үргэлжлүүлэн хийж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг