sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнөөдөр нийслэлийн төв талбайд Монгол Улсын онцгой байдлын албаны техник хэрэгслүүд эгнэн жагсаж, эмч, аврагч, сургагч нар болзошгүй гамшиг ослын үед иргэд өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хэрхэн авран хамгаалах тухай сургалт зохион байгууллаа.
 
Сүүлийн хоёр жилийн хугацаанд 40 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар техник хэрэгслээ нэмэгдүүлж, авран хамгаалах чадавхиа нэмэгдүүлсэн ОБЕГ Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж албаа сурталчлан, иргэддээ үйлчилсэн нь энэ юм.
 
Өдөрлөгт тус байгууллагын нийслэл дэх салбар нэгжүүд, харъяа болон хамтын ажиллагаатай байгууллагууд оролцож гамшиг ослоос урдчилан сэргийлэх талаар иргэд, олон нийтийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, мэдээллээр хангах ажлуудыг хийсэн юм.
 
ОБЕГ он гарснаас хойш гамшиг ослоос 622 хүний амь нас, 5,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалаад байна. Өнгөрсөн онд тус байгууллага улсын хэмжээнд 1300 хүний амь нас аварч төр, олон нийтийн 24,5 төгрөгийн эд хөрөнгийг хамгаалжээ.
 
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: Монцамэ агентлаг