sonin.mn
ЛОНДОН./ВВС/. Зөгийн үүрний лаваар хооллодог төөлүүр хорхойн авгалдай нь гялгар уутыг мөн адил иддэг болохыг Кембрижийн их сургуулийн судлаачид тогтоожээ.
 
Төөлүүр хорхой нь гялгар уутыг идэж чаддаг болохыг Британийн эрдэмтэд туршилтаар тодорхойлсон байна.
 
Газрын хөрс төдийгүй далай тэнгис тэр аяараа гялгар уутанд дарагдан бохирдож байгаа нь өнөө цагийн экологийн хурц асуудлуудын нэг болоод байгаа билээ. Дэлхий дээр жил бүр 80 сая тонн полиэтилен үйлдвэрлэж, гялгар уут болон бусад сав баглаа боодлыг хийдэг байна. Гялгар уут нь байгальд задралгүйгээр олон зуун жил болдог аж.
 
Харин төөлүүр хорхой нь гялгар уутыг ердөө ганцхан цагийн дотор цоолж чаддаг байна. 
 
Кембрижийн их сургуулийн биохимич, судалгааг явуулсан доктор Паоло Бомбелли ярихдаа "одоо бид нарийн ширийн зүйлүүдийн учрыг олох хэрэгтэй байгаа. Гялгар уутан хаягдлыг дахин боловсруулах техникийн шийдлийг олж чадна гэж найдаж байгаа” гэлээ.
 
Төөлүүр хорхойн гайхалтай чадварыг нээсэн доктор Бомбелли, түүний хамтрагч Испанийн Үндэсний судалгааны зөвлөлийн ажилтан Федерик Берточчини нар өөрсдийн гаргасан уг санааг патентжуулж авчээ.
 
Гялгар уутыг идэж шингээхдээ төөлүүр хорхойны авгалдай ямар химийн бодис ашиглаж байгааг нь судлах замаар төөлүүр хорхойн авгалдайн гялгар уутыг идэж боловсруулах үйл явцыг хурдасгах тал дээр судлаачид ажиллаж байгаа аж. Төөлүүр хорхойн дотор үрждэг нянгууд энэ үйл явцад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж тэд үзэж байгаа юм.  
 
Төөлүүр хорхой гялгар цаасыг идэн шингээх үед ямар химийн урвал явагдаж байгааг бүхэлд нь судалж чадах аваас энэ нь байгаль орчны бохирдолтой тэмцэхэд томоохон ахиц дэвшил болно.
 
О. Барс
Эх сурвалж : Монцамэ агентлаг