sonin.mn

МҮБХ үзэмчин бөхийг хорив уу?

Даяар монгол үндэстэн соёлоор ойртож нөхөрлөх нь бид бүхний эрхэм дээд эрх ашиг билээ. Үүнийг сэрж чухалчлан явдаг хэсэг сайн үйлстэн залуус Үзэмчин бөхөөр Ар Өвөр Монголын найм найман бөх халз барилдан, бяр мэхийг сорих сонирхолтой сайхан тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулах болжээ. Энэ ташрамд, өвөр монгол ахан дүүсийн соёлыг сурталчлах зорилгыг агуулжээ.

Гэтэл, Монголын үндэсний бөхийн холбооноос (МҮБХ) Монгол улсын оролцох гэж бэлтгэж байсан бөхчүүдэд ойлгомж авцалдаа муутай Мэдэгдэл илгээн, бүү оролц гэж захиргааджээ. Уг бичигт, манайх дүрмэндээ зөвхөн МҮБХ үндэсний бөхийн барилдаан зохион байгуулна гэж заасан тул бусад этгээд зохион байгуулж болохгүй гэжээ. Үндэсний соёлыг ТББ өмчилж болдог юм уу. Үүнээс болж, 4-р сарын 22-нд нийслэл хотноо болох байсан үзүүштэй сайхан тэмцээн явагдах боломжгүй болжээ.

Түүнээс гадна, МҮБХ өөрийн дүрэмчилсэн халх барилдааны талаар мэдэгдэл хиймээр. Үзэмчин бөхийн барилдаан зохион байгуулах нь эдэнд юуны хамаа байх билээ. Үндэсний бөхөд хүчийг үздэг хүн өөр бөхөөр барилдах эрхийг эд яагаад хорих ёстой вэ? Даварсан үйлдэлд нь даруулга хэрэгтэй болжээ.
Цаашдаа үндэсний бөхөөр барилдсан хүн жүдо, чөлөөтөөр барилдахад МҮБХ-ноос зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь ээ. Жүдо, чөлөөтийн тэмцээн зохион байгуулахад ч МҮБХ-ноос зөвшөөрөл авах хэрэгтэй болох нь ээ.

Монголын компаний захирал залуу энэ тэмцээнийг нөхдийн хамт санаачлан зохион байгуулж байсан атал Мэдэгдэлд нь “Өвөр Монголын иргэн” зохион байгуулж байна, ийм тэмцээнд оролцох нь Монгол “улсынхаа нэр хүндийг үл хүндэтгэсэн жудаггүй, ёсзүйгүй үйл явдал” гэжээ. Харин ч, МҮБХ-ныхон Өвөр Монголд болж буй бөхийн тэмцээнд чөлөөтэй оролцож, бөхийн ажлаар чөлөөтэй зорчиж зочилж, бид ахан дүү шүү, амь нэгтэй харилцан тусалж дэмжиж явна шүү гэж амны уншлага болж явдаг хэрнээ, энд болохоор зүсээ хувилгаж, “Өвөр Монголын иргэн” зохион байгуулах гэж байна гэсэн хуурмаг шалтгаар, үзэмчин бөхийг хорьж байгаа нь “улсынхаа нэр хүндийг үл хүндэтгэсэн жудаггүй, ёсзүйгүй үйл явдал” бус уу?

МҮБХ энэхүү гадуурхлын чанартай муйхар үйлдлээрээ барилдааныг зохион байгуулах гэж байсан нөхдөд ихээхэн хэмжээний хүч хөрөнгө, оюун санааны хохирол учруулчихаад, юуг ч эс ухаж ойлгох шинжийг үзүүлэн ажиггүй сууна.

МҮБХ-ны монгол туургатандаа ээлгүй ханддаг нь бодлогын чанартай. Зөвхөн халх гэлгүй, бүхий монгол бөхийн арвин баялаг соёлыг дэмжиж дээдэлж явах учиртай баймаар. Гэтэл явцуу хүрээнд баригдаж, монгол үндэсний бөхийн тэмцээнд манай иргэдээс бусад монголчуудыг оролцохыг хорьсон дүрэм гаргачихсан. Дайснаа дарж, дархан цолоо мандуулж байгаа биш байлтай. Мэхээр биш, бэхээр ялдаг монгол бөхийн ёс гэж байна уу? Монголчуудын соёлын нэгдэлд саад тотгор учруулах монгол хүн гэж баймгүй, эвлүүлэхгүй дөтлүүлэхгүй гэсэн харийн бодлогын нөлөө байна уу гэсэн хардлага өөрийн эрхгүй төрөв. Бодох хийх юм ч их байна даа.

 


Ч.Мөнхбаяр