sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 4, 5 дугаар сарын цаг агаарын төлөв байдлын талаарх Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээллийг сонслоо.
 
Энэ сарын 18-нд баруун ба төвийн нутгаар, 19-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 20-нд зүүн аймгуудын өмнөд хэсгээр, 22, 26-нд төв, зүүн аймгуудын зарим газраар, 23, 24, 27-нд зүүн аймгуудын зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орох төлөвтэй байна. Энэ үед салхи говь, тал хээрийн нутгаар 12-14 м/с, зарим үед 16 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурах нь. Мөн хуурайшилт ихтэй байх аж.
 
Агаарын температур 17, 22-24-нд нутгийн зүүн хагаст, 18-19-нд ихэнх нутгаар сэрүүсч, цас бүрэн арилаагүй байгаа нутгаар өдөртөө 3-8, шөнөдөө -6-гаас -11 градус, говийн бүс нутгаар өдөртөө 11-16, шөнөдөө 0-5, бусад нутгаар өдөртөө 6-11, шөнөдөө -3-аас -8 градус байх төлөвтэй байна. Бусад хугацаанд бүх нутгаар дулаарч өдөртөө говийн бүс нутгаар 17-22, бусад нутгаар 11-16 градус дулаан байх аж.
 
Ирэх сард ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дундажийн орчим, хур тунадас Баян-Өлгий, Увс, Архангай, Булган, Ховд, Баянхонгор, Төв, Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд сумдаар, Сэлэнгэ аймгийн ихэнх нутгаар дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим, зөвхөн Алтайн өвөр хэсгээр дунджаас бага орох төлөвтэй. Сүүлийн жилүүдэд цаг уурын үзэгдэл, давтамжид ихээхэн өөрчлөлт орж, температурын огцом өсөлт, хур тунадасны бууралтаас хуурайшилт нэмэгдэж хөрсний чийгийн хангамж улам бүр багасч байна. Үүнтэй уялдан цаг агаарын таагүй үзэгдэл олонтаа ажиглагдах болж байгаа ба тавдугаар сарын сүүлчээр цочир хүйтрэл болж магадгүй байна.
 
УИХ-ын гишүүдийн зүгээс цаг агаар нь газар тариалангийн үйлдвэрлэлд онцгой нөлөөлдөг тул урьдчилсан мэдээ мэдээлэлд онцгой анхаарах, шаардлагатай тохиолдолд хөрөнгө оруулалтыг зохих түвшинд мэдүүлж шийдвэрлүүлж байх хэрэгтэй хэмээн зөвлөв.
 
Б.Туул
Эх сурвалж : Монцамэ агентлаг