sonin.mn
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /ШШГЕГ/-ын даргын нэрэмжит 2017 оны марш тактик, тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 15-16-нд Тахир соёот дахь хээрийн сургалтын талбайд амжилттай болов.
 
Мэргэжлийн ур чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ сорин өрсөлдсөн эрэгтэй тасгаас дэслэгч Б.Цэрэнлхагва ахлагчтай 433 дугаар анги нэгдүгээр байр эзэлж, алтан медалийн эздээр тодорчээ. Хоёрдугаар байрт ахлах дэслэгч Ц.Баттулга ахлагчтай 409 дүгээр анги шалгарч мөнгөн медаль, дэслэгч С.Ууганбаяр ахлагчтай 405 дугаар анги гуравдугаар байр эзэлж хүрэл медалийн эзэд болжээ.
 
Харин эмэгтэй тасгаас ахлагч Т.Лхагважав ахлагчтай 405 дугаар анги алтан медаль, дэслэгч Э.Алтаннавч ахлагчтай Хархорин сум дахь Шийдвэр гүйцэтгэх алба-423 дугаар анги мөнгөн медаль, дэслэгч Э.Алтанцэцэг ахлагчтай 421 дүгээр анги хүрэл медаль тус тус хүртсэн байна.
 Алба хаагчдад бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил олгох, цэргийн хэргийн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхийг нэмэгдүүлэх, ШШГБ-ыг төлөөлөн армийн марш тактикийн тэмцээнд оролцох алба хаагчдыг шалгаруулах зорилготой зохион байгуулсан юм.
 
Тус тэмцээнд эрэгтэй 21, эмэгтэй 21, нийт 42 тасгаас 290 гаруй алба хаагч оролцжээ.  Мөн 439 дүгээр ангийн цахилгааны техникч, ахмад М.Мөнхбаатарыг шилдэг тасгийн даргаар, 407 дугаар ангийн их эмч, ахмад Б.Наранчимэгийг шилдэг эмэгтэй алба хаагчаар тус тус шалгарсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж : Монцамэ агентлаг