sonin.mn
Сүүлийн үед хориотой ан амьтан агнах, шонхор шувууд хил давуулан худалдаалах, гол мөрөн бохирдож загас төрөл зүйлээрээ устах зэргээр монгол орны болон дэлхийд ховордон бүр улаан номд орсон ан амьтад болон байгаль орчноо хамгаалах асуудал улам их хэл ам дагуулдаг боллоо.
 
Эрдэнэсээ ухаж, эх нутгаа гангийн тойром болгоод одоо зэрлэг ан амьтдаа устгаж гүйцэж байна. Одоо Говь-Алтай Ховд аймгийн арав гаруй сумдад гарсан малын өвчин бөхөнд халдварлан үй олгноор үхэж эхэллээ.
 
Говь нутгаар сүргэлэн амьдардаг тугалмайтан овгийн, хэвэгч энэ амьтны тоо, монголчууд зах зээлд шилжсэн сүүлийн хэдхэн жилийн дотор эрс ховхордсон гол шалтгаан нь |хэдийгээр улаан номд орсон ч| түүнийг монголчууд өөрсдөө агнаж  эврийг нь гадаадад гаргаж эхэлснээс үүдэлтэй юм. Тугалмайтны эвэр бугынх шиг өөрөө унадаггүй тул агнаж байж л авдаг. Бөхөн агнахыг хориглосон хууль 1930 онд гарсан ч энэ хууль зөрчигдсөн хэвээр байна.
 
Манай дэлхий дээр байсан арав гаруй төрөл зүйл бөхөнгөөс одоо соргог бөхөн, монгол бөхөн хоёр л үлдсэн байна. Монголд нутагшдаг бөхөн бол бусад төрлөөс ялгаатай, манай говиос өөр хаана ч байхгүй |saiga tatarica mongolica| өвөрмөц амьтан юм.
 
Бөгтөрдуу нуруутай сэрвээ өндөртөй монхор хамартай тул монголчууд бөхөн хэмээн нэрлэсэн гэдэг.  Монгол эр бөхөнгийн биеийн урт 1,2 метр орчим, жин 40 кг орчим, хөл зээрийнхээс богино, дунд сарвуу том, чих хулгардуу, эвэр шовх дотогш махирдуу 30 орчим см, оготор сүүлтэй, зүс нь амьдарч байгаа орчноосоо шалтгаалан голдуу хул, бор шаргал буюу зундаа цайвар, өвөлдөө бор шаргал өнгөтөй болдог бөгөөд хавар, намартаа гууждаг.
 
Монхор, урт, том нүхтэй хамар нь говь хээрийн уур амьсгалд онцгой зохилдсон бөгөөд ус бага хэрэглэдэг, хүйтэн, халуун эрс тэс уур амьсгалд тэсвэртэй, өвлийн тэсгэм хүйтэн, зуны аагим халуунд амьсгалах агаарыг тохируулж байдаг онцлогтой юм. Бөхөнгийн эрийг хэрчин, эмийг хэрэгчин, үр төлийг нь янзага гэдэг ч сүүлийн үед голдуу л эрийг ооно, эмийг шарагчин гэж нэрлэсээр байна. Гэрийн тэжээмэл болдоггүй.
 
Бөхөнгийн сүргийг нас бие гүйцсэн хэрэгчин толгойлох ба ороо нь байгалийн ааш ариншингаас шалгаалж өвлийн эхэн сараас эхлэн орж хавар голдуу нэг, зарим тохиолдолд хоёр янзага гаргадаг. Бөхөнгийн янзага дөнгөж төрөөд л хөл дээрээ тэнцэн, хөхөө амлах ба дараа нь 2-4 хоногийн турш өвсөн дунд хярж хэвтэнэ. Удалгүй өвсөнд орно. Эх нь ойролцоо байж хөхүүлээд л мөн холдоно. Энэ нь янзагаа араатан амьтадаас хамгаалж буй гол арга нь энэ юм. Бөхөнгийн янзага анх хярж хэвтэж байгаад дараа нь босоод л хөхөө хөхөн хурдан томорч, мөн хурдан гүйж сурах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл түүний амиа хамгаалах салшгүй нэг чухал тул, ямарваа дайсан ирвээс эх дохио өгмөгц л эхээсээ холдон хурдан гүйж хярж хэвтэх явдал юм.
 
Гурван сарын турш эхээ даган хөхөө хөхөн, өвс идэж томормогц өөрийн дураар эхээ даган билчиж эхлэнэ. Эх нь араатан амьтны үзэгдвээс анхаарлыг нь өөр дээрээ авч хөлийнхөө хурдаар  дагуулан холдуулаад эргэж ирэх замаар янзагынхаа амийг хамгаалдаг. Энэ бол янзага бүхэн амьдралдаа нэн даруй сурах шаарлагатай чухал үйлдэл болно. Яагаад гэвэл бяцхан янзага нялх бие нь чийрэгжиж, насны цээнд хүрээд үр төлөө хамгаалахад эхээсээ сурсан энэ үйлдлийг насан туршдаа давтан хийх болно.
 
Монголын баруун говь хээрийн тал нутаг бол соргог бөхөнгийн уугуул нутаг юм. Ховд аймгийн Зэрэг сум, Зэрэгийн хоолойгоор дамжин Дарви, Шарга сумдаар зүүн ургаш Халиуны хоолой, Бигэрийн хоолой энэ хөндий зурвасаар Хантайшир Говь-Алтайн нуруу задгайрч говийн уужим тал залгана. Далайн түвшнээс мянган метрээс дээш энэ зурвас нутгийн уур амьсгал, билчээр өвс ургамал нь бөхөнгийн идээшиж дассан амьдрах орчинг бүрдүүлсэн хэвшмэл өнгө аяс, бүтэцтэй байдаг ажгуу.
Говь хээрийн талаар идээшилж байхдаа ямагт соргог бөгөөд ямар нэг сэжиг гарангуут нэг  зэрэг дэрхийн хатирдаг.
 
Давжаа биетэй ч толгойгоо доош гудайлган бөхийж хатирах нь  сайн морины хурдаар хэмжигдэх агаад уужим говийн дундуур тоос татуулан яваа хэдэн арван мянган бөхөнгийн сүрэг хээрийн зэрэглээ мэт мяралзан яах ийхийн зуур өнгөрдөг байсан тэр үе одоо үлгэр домог мэт болж, өдгөө Улаан номонд орсон энэ амьтан зөвхөн Говь-Алтайн Дарви, Шарга, Хүйсийн говь, Манхан сумын нутгаар цөөн үзэгддэг болсон энэ амьтан одоо мялзан хэмээх маш түргэн тахадаг өвчнөөр үхэж үрэгдэж байна.   
 
Хар сүүлт зээр, аргал, янгир, бөхөн бол Монгол орны маань амьд байгалийн нэгэн гайхамшиг, нэгэнт устгавал дахиж үл олдох дэлхийд ховордсон амьтад юм.
 
 Найдансүрэнгийн Бадарч