sonin.mn
Төрийн цагдаа намайг хамгаална гэсэн түмний итгэл, амь биеэ үл хайрлан зүтгэх тангарагтай, цагаан шонхороо дээдлэгч цагдаагийн алба хаагчдын түүхт их 95 жилийн ойн баяр өнгөрсөн долоо хоногт тохиож, өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.
 
Бараг бүтэн зуун жилийг элээсэн буурал түүхтэй, ард түмнээ аюулаас хамгаалах төрийн төлөөлөл, Цагдаагийн байгууллага улиран одсон он цагуудад 17 алтан мөрдөстэй генерал төрүүлжээ. Цагдаагийн байгууллагын түүхт ойг тохиолдуулан энэ албанд нэр, мөрөө тод үлдээсэн хүндэт чекист, хошууч генерал Д.Сандаг-Очирыг  “Амьдралын тойрог” булангийнхаа зочноор урилаа.
 
ХАРАА ГОЛЫН ДЭРГЭДЭЭС ЗХУ-ЫГ ЗОРЬСОН НЬ
 
Хошууч генерал Д.Сандаг-Очир цагдаагийн байгууллагын 90 жилийн ойгоор дэд дарга нарын хамт.
 
Дотоод явдлын яамны академийн сонсогч. Москва хот. 1978 он.
 
Д.Сандаг-Очир генерал Завхан аймгийн Цагаанхайрхан сумын уугуул. Нутагтаа ерөнхий боловсролын сургуулийг 1965 онд дүүргээд цагдаагийн босгыг арван хэдхэн настай хүү алхаж байсан гэдэг.  Улаанбаатар хотын Сэргийлэн хамгаалах горизоны нэгдүгээр салааны сэргийлэгчээр 1967 онд ажлынхаа анхны гарааг эхэлжээ.
 
Тэдний салаа Элчин сайдын яам, Ус сувгийн газрын хамгаалалт хариуцдаг хариуцлагатай алба байж. Ажил, амьдралын баян туршлагатай, салааны дарга “Эх оронч” хошууч Х.Мадригаас их зүйл сурснаа тэрээр дурсч байна.
 
Харин эрхэм генералыг  цагдаагийн байгууллагын үе, үеийн албан хаагчид бахархан ярихыг олонтаа сонсож байсан.  Тэр дундаа түүхт 90 жилийн ойн үед Цагдаагийн ерөнхий газрын даргын албыг хашиж байхдаа алба хаагч бүрийн сэтгэлд хоногштол сайхан тэмдэглэж байсныг дурсах дуртай.
 
Сэргийлэн хамгаалах горизоноос эхэлсэн түүний ажил Найрамдлын районы Цагдан сэргийлэх тавдугаар ангийн хорооны цагдаагаар үргэлжилж төд удалгүй Сэлэнгэ аймгийн Зүүнхараа хотын Цагдан сэргийлэх анги руу шилжжээ. Залуу цагдаа Д.Сандаг-Очирт Сэлэнгийн цагдаад офицерийн бүрэлдэхүүнд ажиллаж эхэлсэн нь бахархалтай, дурсамжтай үе байсан гэнэ.
 
“Бага дэслэгч цолтой эрүүгийн төлөөлөгчөөр томилогдон ажилласан нь миний хувьд дурсамжтай үе байсан. Би Монголын цагдаагийн албанд зүтгэхдээ түүхэнд алдраа дуурсгасан олон сайхан хүмүүстэй учирч явсны нэг нь Дэмбэрэл цагдаа. Тухайн үед нутгийнхны дунд, ялангуяа гэр бүл, хүүхэд багачуудын дунд “Дэмий шүү. Дэмбэрэл цагдаад хэлнэ шүү” гэдэг ам ярианы эзэн хүн.
 
Зүүнхараад анх очиход Цагдан сэргийлэх ангийн жижүүр байсан. Тэр хүн намайг гэртээ аваачиж, би тэднийд хүүхэд шиг нь бүл нэмж амьдарсан даа. Би сэргийлэн хамгаалах байцаагчаар ажиллаж байсан болон амьдралын их туршлагатай ажилтан бүртээ нөмөр нөөлөг болж байсан ахмад Цэрэнчимэд нарын сайхан хүмүүсийн дэргэдээс ЗХУ руу суралцахаар явж билээ” хэмээн хууч хөөрөв.
 
Тэрээр ЗХУ-ын Дотоод явдлын яамны академид суралцахаар 1973 онд эх орноосоо морджээ. Шижигнэсэн залуу таван жилийн дараа сургуулиа төгсч ирэхэд тухайн үеийн Улсын цагдан сэргийлэх ерөнхий газар, Нийгмийг аюулаас хамгаалах яамны коллегиор орж төрсөн нутаг Завхан аймаг руу томилолт өвөртөлсөн түүхтэй ажээ.
 
Энэ томилолтод хамгийн их баярласан хүн бол ээж нь байсан гэдэг. “Аав минь намайг бага балчир байхад бурхны оронд заларсан. Аавын минь тэнгэр сэтгэл биднийг харж байгаа гэж боддог. Ажил амьдрал тэгш явахын өлзий ерөөлийн эхлэлийг ээж минь тавьсан. Ач буян, алтан сургаал нь одоо ч сэтгэлд тодхон үлджээ.
 
Миний ээж эгэл жирийн монгол эхчүүдийн нэг байсан. Ээжийнхээ “Санаа сайн бол заяа сайн” гэсэн үгийг ямагт санаж эрхэмлэж явдаг. Намайг гадаадад сургууль төгсч ирээд төрж өссөн Завхан нутагтаа цагдаагийн даргаар томилогдоход ээж минь их баярлаж байсан нь санаанаас гардаггүй” гэж байна.
 
“АЛТАН ГАДАС”-Т АНГИЙН ДАРГА
 
УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон тамгаа авч байгаа нь. 2006 он.
 
 
Д.Сандаг-Очир генералын удирдах чадварыг магтан шагших хүмүүс энэ салбарт олон бий. Удирдах чадвараараа байгууллага, хамт олноо өндөрт өргөж үр дүнтэй ажиллуулж чадсан олон сайн жишээ түүний намтарт бий. Эрхэм зочны маань удирдах албан тушаалд очсон анхны томилгоо нь Завхан аймаг байв.
 
Тэрээр тус аймгийн Нийгмийг аюулаас хамгаалах хэлтсийн орлогч, Цагдан сэргийлэх ангийн даргаар очиж, ажлыг ч гялалзуулж өгсөн гэдэг. Түүнийг удирдсанаас хойш Завхан аймгийн Цагдан сэргийлэх анги төв, орон нутгийн цагдаагийн байгууллагууд дундаас гурван жил дараалан эхний байранд шалгарч, үүрд хадгалах улаан тугийн эзэн болжээ.
 
Түүгээр зогсохгүй “Алтан гадас” одонгоор шагнуулж байсан нь удирдлагын хүч хөдөлмөр, авьяас чадварынх байсан нь гарцаагүй. Хошууч генерал Б.Пүрэв  “Д.Сандаг-Очир хот, хөдөө, хангай, говьгүй явсан. Монголын цагдаагийн анги, нэгжүүдээс одонт хамт олныг төрүүлсэн гавьяатай нь цагдаагийн байгууллагын түүхэнд тодоор бичигддэг.
 
Д.Сандаг-Очир нэлээд онцлогтой хүн л дээ. Юуны өмнө хүндээ үгээ олж, гар нийлж ажиллах өндөр чадвартай. Тэрээр туйлширдаггүй. Хол зангаараа бас ялгардаг. Түүнийг ЦЕГ-ын даргаар ажиллах хугацаанд улс төр, нийгмийн нөхцөл байдал төвөгтэй байсан. Улс орны удирдлагуудыг хэт төвлөрүүлсэн нөхцөлд Д.Сандаг-Очир “нуруутай” хүн гэдгээ харуулж эвийг олж цагдаагийн байгууллагыг хуульч, зарчимч байр суурь дээр нь байлгахын тулд тууштай чармайсан даа.
 
Албан тушаалын эрх мэдэлд, улс төрийн нөмөр нөөлөгт эрддэг богино бодолтой нэгэн биш. Хал үзэж халуун чулуу долоосон төрийн албан хаагч гэдгээ харуулсан. Энэ бол барагтай хүн чадах зүйл биш шүү” хэмээн “Цагдаагаас төрсөн генералууд” номонд тэмдэглэгджээ.
 
Монголын цагдаагийн байгууллагад эцэг Б.Пүрэв хэмээн хүндлэгдсэн их хүнээс ийм сайхан магтаалыг сонсоно гэдэг хэн хүнд олдох хувь тохиол мөн гэж үү. Цагдаагийн байгууллагыг удирдах хатуухан суудлыг эв дүй, их ухаанаар залахыг эрхэмлэн дээдлэж ирсний илрэл энэ үгнээс бүхэлдээ харагдаж байна.
 
НОЦТОЙ ХЭРГҮҮДИЙН ХАЛУУН МӨРӨӨР
 
Д.Сандаг-Очир гуай Монголын цагдаа­гийн байгууллагад хийсэн бүтээсэн бүх­нээ­рээ тод мөр үлдээсэн С.Бүдрагчаа, А.Думбурай, С.Дамдин­сүрэн, Б.Пүрэв нарын ахмад генералуудын удирдлага дор ажиллаж,  “хүн амины” хэмээн нэршсэн гавьяат хуульч П.Дамдиндорж, хурандаа Ц.Жамъянсэнгээ, Д.Чулуунбат, О.Шагдарсүрэн, дэд хурандаа Ж.Цоолой нартай мөр зэрэгцэн зүтгэж олон арван ноцтой хэргийг илрүүлж явсан гавьяатай хүн.
 
Тэрээр энэ тухайгаа “Өнгөрснөө эргэн бодоход цагдаагийн бага тушаалаас офицер болно гэдэг амаргүй даваа байлаа. Тэр үед бага дэслэгч цол авчихаад баярлаж явснаа мартдаггүй. Одоо ийм цол байхгүй л дээ. Тухайн үедээ “Хурандаагийн буурьтай ахлагч нар” гэдэг шиг хамгийн бахархалтай залуу ажилтны цол байсан” гэж залуу насаа дурссан юм.
 
Бага дэслэгч Д.Сандаг-Очир мөр нь бүдгэрсэн олон хэргийн мөрөөр ажиллаж байсны нэг нь Зүүнхараагийн хүн амины хэрэг. Зүүнхараагийн Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мал маллагч, Шинжаанаас хил зөрчиж ирээд нэг гэрт амьдарч байсан Нүхэй гэгч сураггүй болжээ. Харин түүний хамтран амьдрагч Яков сэргийлэхэд “Сураггүй болчихлоо” гэж ирсэн гэдэг.
 
Залуу мөрдөгч хэргийн мөрөөр орж, олон хоног нойр, хоолгүй мөрдсөний эцэст хохирогч Яков хэрэгтэн болж хувирчээ. Тэрээр хамтран амьдрагчаа хөнөөгөөд жалганд булчихаад цагдаа нарыг төөрөгдүүлсэн хэрэг байж. Мөн Баруунхараад гарсан цагаан хөмсөгт С-ийн хэрэг гэж бий.
 
Цагаан хөмсөгт шөнийн цагаар хөгшин эмэгтэйн гэрт орж хоолойг нь боож мөнгөө хаана хийснийг хэлүүлэн дээрэмдсэн хэрэг, олон удаагийн залилангийн хэрэгтэй Махбал нарын хэргийг цаг алдалгүй илрүүлж байжээ.
 
Тэрээр энэ тухай хүүрнэхдээ “Офицер ажилтнууд маань дор бүрнээ өөр өөрийн ачаалалдаа дарагдсан байдаг учир тэр бүр туслах бололцоогүй. Харин хүн амины хэргийг илрүүлэхэд хүүхдийн төлөөлөгч Рэнцэн их хамжаа болж хоёр сарын турш өдөр шөнөгүй тусалж байсан нь сайхан” хэмээв.
 
Цагдаагийн алба хаагч бүхэнд хэргээ илрүүлчихээд сэтгэл амарч, нойртой хонохоос илүү жаргал гэж үгүй. Нэг хэрэг илрээд санаа амрах ч нөгөө хэргийг мөрдөх тасралтгүй үргэлжлэх энэ албанд зүтгэнэ гэдэг үнэхээр амаргүй ажил.
 
Мэдээж түүнийгээ ил гаргаад зарлаад явах нь зохисгүй, дотроо л баярлаад өнгөрдөг тухай ахмад мөрдөгчид ярьдаг. Д.Сандаг-Очир гуайн хувьд ч мөн  олон арван хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, ур чадвараараа бусдадаа үлгэрлэж ирсэн чадвар, сайхан чанаруудыг нь энэ албаныхан онцлон ярьдаг юм билээ.
 
ХОТ, ХӨДӨӨ, ХАНГАЙ, ГОВИЙН ТОМИЛОЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР
 
Гэргий Н.Оюундалайн хамт.
 
1984 он. Монгол Улсад эрүүгийн нөхцөл байдал хүндэрсэн үе. Энд тэнд онц ноцтой хэрэг гарч, цагдаагийн байгууллагыг багагүй сандаргаж байжээ. Яг энэ үед Завханы Цагдан сэргийлэх ангийн дарга Д.Сандаг-Очир хот руу дуудагдаж, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтсийн даргаар томилогджээ. Тэрээр угаас удирдах ур чадвартай, эрүүгийн албанд чанагдсан хүний хувьд энэ албанд ирж ажиллах хугацаанд түүний  удирдлагад олон арван ноцтой хэргийг илрүүлсэн гэдэг.
 
Хот, хөдөө, хангай, говьгүй ажиллах түүний томилолт дахиад л үргэлжилж, 1987 онд зүүн хязгаар Дорноговь аймагт ажиллах болжээ. “Цагдаагийн ажил мөрийн дэстэйгээ холбоотой. Нэгэнт мөрдөс зүүсэн болохоор аливаа томилгоонд бэлэн байх нь алба ажлын онцлог.
 
Нийгмийг аюулаас хамгаалах яам, Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын удирдлагаас намайг сонгож Дорноговь аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах газрын даргаар ажил сайжруулахаар томилсон.
 
Тэр үед Намын хянан шалгах хорооноос тус аймаг дахь Нийгмийг аюулаас хамгаалах газарт болон Цагдан сэргийлэх хэлтсийн ажилд шалгалт хийж, байгууллагын ажил, удирдлага, бие бүрэлдэхүүнд ноцтой дутагдал байгааг заасан тогтоол гаргаад байсан.
 
Энэ тогтоолын хэрэгжилтийг хангах, Нийгмийг аюулаас хам­гаа­лах яамны коллегийн үүрэг даалгаврыг биелүү­лэхээр говь нутгийг зорьж бай­лаа. Энэ албанд гурван жил ажиллах хугацаанд манай хамт олон үүргээ амжилттай биелүүлж ажилласан даа” хэмээн Д.Сандаг-Очир генерал ярилаа.
 
Түүний алба Сүхбаа­тар дүүргийн Цагдаагийн хэлтсийн дарга, Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн дарга, ЦЕГ-ын дэд дарга, ЦЕГ-ын дарга бөгөөд Дотоодын цэргийн командлагч хүртлээ үргэлжилсэн. Мөн УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга хэмээх улс төрийн сонгуульт ажлыг ч хашиж явсан эрхэм билээ.
 
Тэр дундаа Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын харьяанд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвийн даргаар ажиллаж байхдаа Монгол Улсын хүн амын цахим мэдээллийн санг үүсгэн байгуулж, Монгол Улсад хүн амаа бүртгэх, статистик судалгаа гаргах нэгдсэн систем бий болгож, регистэржүүлэх, Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдаж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулсан түүхтэй.
 
“ЦАГДАА-МИНИЙ АЖИЛ АМЬДРАЛЫН ЭХЛЭЛ БОЛОН ТӨГСӨШГҮЙ ҮРГЭЛЖЛЭЛ”
 
“Цагдаа” цогцолборын шав тавих ёслолын үеэр цагдаагийн хурандаа Х.Энхжаргалын хамт.
 
Эрхэм генерал цагдаагийн албаараа ихэд бахархдаг ажээ. “Цагдан сэргийлэх I ангийн анхны цагдаа нарын нэг Ж.Бавуу гуайн хүү, ардын уран зохиолч Лхагвасүрэн “Хүн төр хоёртоо эн тэнцүү хуваагдсан хүнийг цагдаа гэнэ” гэсэн мэргэн үг байдаг. Үүнийг манай залуу үеийнхэн санаж явах хэрэгтэй.
 
Залуу удирдах ажилтан нартаа хэлэхэд нэг удирдлагатай, нэг зорилготой, нэг шугаманд ажиллаж чаддаг хамт олны ажил үйлс өөдрөг байдаг. Тухайлбал, хүмүүстэй харилцах, хамтрах, ажил үйлс бүтээхэд бие биедээ сэтгэлийн урам хайрлах нь чухал.
 
Сайхан сэтгэл гэдэг амьдралыг таньсан хүний хүчирхэг хандлага юм. Би үүнийг ажил амьдралаасаа илүү ойлгож мэдэрсэн. Тиймээс цагдаагийн байгууллага миний гэгээлэг ажил амьдралын эхлэл болон төгсөшгүй үргэлжлэл” хэмээн тодотгосон. 
 
Нэг насаараа цагдаагийн байгууллагад ажилласан хошууч генералын нэрээр дуурсагдах эрхэм үйл хэрэг энэ албанд олон бий.  УЦСЕГ-ын харьяат Иргэний бүртгэл мэдээллийн улсын төвийн даргаар ажиллаж байхдаа хүн амын цахим мэдээллийн санг анх үүсгэн байгуулж, Монгол Улс хүн амаа бүртгэх, статистик судалгаа гаргах нэгдсэн эрхзүйн байдлын тухай хууль батлагдаж хэрэгжүүлэх ажлыг гардан зохион байгуулж байсныг дээр дурдсан.
 
Харин цагдаагийн байгууллагад оруулсан хувь нэмрийн тухайд тэрээр ярихдаа “Намайг ажиллах хугацаанд цагдаагийн байгууллага албан хаагчдаас иргэд­тэй чанартай, жигд, хүртээмжтэй шуурхай үйлчлэх, албан хаагчдын хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх, үүргээ гүйцэтгэхтэй холбоотой эдийн засгийн үр ашигтай нөхцлийг бий болгох зорилгоор Засгийн газарт асуудал оруулснаар Засгийн газрын 2011 оны 153 дугаар тогтоолоор цагдаагийн байгууллагын зарим ажил, үйлчилгээ, хангалтын жишиг нормативыг батлуулсан.
 
Мөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журмыг ЦЕГ-ын даргын тушаалаар батлуулсан.
 
Цагдаагийн байгууллага албан хаагчдын ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй шударгаар биелүүлж ирсэн баатарлаг үйлс, өргөсөн тангарагтаа үнэнч байхын баталгаа, үлгэр дууриаллыг нийт албан хаагч, иргэд олон нийтэд сурталчлах, албан үүргээ гүйцэтгэж яваад эрэлхэгээр амь эрсэдсэн баатарлаг охид хөвгүүдээ эргэн дурсах, тэдэнд хүндэтгэл үзүүлэх зорилгоор 90 жилийн ойн үеэр монгол цагдаа-ёслол хүндэтгэлийн цогцолбор байгуулах санаачлагыг дэмжсэн юм.
 
Одоо “Монгол цагдаа” цогцолбор зөвхөн  цагдаагийн байгууллагын сүр хүч хийморь зоригийг үеийн үед бадраах ёслол хүндэтгэлийн бэлгэ тэмдэг болсон” гэсэн. Түүний цагдаагийн байгууллагад оруулсан хувь нэмрийг төр өндрөөр үнэлж Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Байлданы гавьяаны одон, байлдааны болон бусад ойн медалиуд, Хүндэт чекист, онц сэргийлэгч цол тэмдгээр шагнажээ.
 
Ерөнхийлөгчийн зарли­гаар 2002 оны долдугаар сарын 19-нд хошууч генерал цолыг хугацаанаасаа өмнө хүртсэн Монгол Улсын 124 дахь генерал юм.
 
Тэрээр  “Монгол төрийн цагдаагийн байгууллага, түүний бие бүрэлдэхүүн гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах үүргээ иргэд олон нийтийн дэмжлэг туслалцаанд түшиглэн хэрэгжүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, түмэн олноо амар амгалан байлгахын төлөө цагийн хязгаар, биеийн алжаалыг умартан хичээл зүтгэл гарган ажиллаж цаашид ч чиг үүргээ нэр төртэй хэрэгжүүлнэ гэдэгт итгэл дүүрэн явдаг” гэснээр бидний ярилцлага өндөрлөсөн юм.
 
Цагдаагийн хурандаа Б.Батчулуун “Хошууч генерал Д.Сандаг-Очир  асуудлыг ул суурьтай тал бүрээс нь судалж шийддэг, хүнлэг ноён нуруутай, мэдрэмжтэй, бие бүрэлдэхүүнд чиглэсэн зөв харьцаа хандлага үүсгэж ажиллах идэвхийг өрнүүлж чаддаг, удирдах ажилтанд, түүний дотор Цагдаагийн байгууллагын удирдлагад  зайлшгүй байх ёстой олон сайхан чанар бий” гэжээ.
 
Энэ бол ганц хурандаагийн сэтгэлийн үг биш. Түүнийг хүндэлдэг бүх цагдаагийн алба хаагч нарын үг ажээ. Монгол төрийн цагдаагийн албан хаагчдын хараа нь хурц, бодол нь мэргэн, үйлс нь өнөд чин шударга байх болтугай.
 
Цагдаагийн байгууллагын 90 жилийн ойн нээлт.
 
Монголын Эрүүгийн албаны үе, үеийн дарга нарын хамт.
 
Монгол генералуудын өдрөөр.
 
 
Б.ЗАЯА
Эх сурвалж: