sonin.mn
Монголын тайзнаа анхны сонгодог бүжиг “Бахчисарайн оргилолт булаг” тавигдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус бүжгийн жүжгийг дахин тайзнаа тавьсан билээ. Энэхүү бүжгийн жүжгийг анх дэглэн найруулсан СТА И.М.Хабаева гуай болон гол дүрийн уран бүтээлчидтэй ярилцлаа.
 
-Одоогоос 60 жилийн тэртээ дэлхийн сонгодог бүтээл манай тайзнаа амилсан “Нулимсан оргилуур” буюу "Бахчисарайн оргилолт булаг" бүжгийн жүжиг Монголын анхны сонгодог бүтээл болсон билээ. Тэр үеийн дурсамжаасаа та хуваалцахгүй юу?
 
-И.М.Хабаева "Би 1954 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Монголд ирсэн. Намайг  Монголын ХДТ-ынхан  халуун дулаан сэтгэлээр угтаж авсан. Тэр үед ДБЭТ чинь Хөгжимт драмын театр гэж нэршдэг байлаа. Даргаар нь  БНМАУ-ын  Ардын жүжигчин , Нямын Цэгмид гуай ажиллаж байсан. Ухаантай, сайхан сэтгэлтэй, шооч гэж учиргүй, цэцэн цэлмэг, өргөн мэдлэгэтэй тэр сайхан хүнийг хэрхэн мартах билээ.
 
Уран сайхны удирдагчаар нэртэй жүжгийн зохиолч , найруулагч Л.Ванган, харин хөгжмийн буюу дуурь балетын эрхлэгчээр ардын жүжигчин Э.Оюун нар  ажиллаж байв. Тэдний анхаарал халамжийн ачаар миний бодсон, сэтгэсэн, санасан бүхэн амжилттай хэрэгжсэн.  
 
Сонгодог бүжгийн хамт олон надад агуу их итгэл, найдвар хүлээлгэж жинхэнэ сонгодог бүжгийн урлагт  суралцана гэсэн сэтгэлээр угтсан билээ. Бүжгийн том танхимд анх ороход ямар ч засал бэлтгэлгүй хоосон танхим, өмд, даашинз, тэр ч байтугай дан дээл хүртэл янз бүрийн хувцас өмссөн, дан оймстойгоо зогсож буй бүжигчид угтсан.
 
Театрт ирээд хамгийн түрүүнд сонгодог бүжгийн танхимыг тохижуулж, нэг ханыг шалнаас тааз хүртэл тольтой, дасгалын тулгуур, бүжигчдийн хувцас солих өрөө, эрэгтэй, эмэгтэй шүршүүрийг бий болгосон доо.
 
Бид театрын удирдлагатайгаа ярьж байгаад эмэгтэй бүжигчиддээ хөнгөн даавуугаар бэлтгэлийн даашинз оёж, эрчүүддээ цагаан майк, бариу өмд хийлгэсэн. Гарын уртай зарим хүмүүсээ  Москвад бүжгийн зориулалтын хувцас, зөөлөн шаахай, сонгодог бүжгийн чишк оёх дадлага хийлгэхээр явуулсан.
 
Ингээд хоёр жилийн дараа бид мэргэжлийн сонгодог бүжгийн гуталтай болсон. Тухайн үед  40 орчим бүжигчин байсан бөгөөд зарим нь театрын сургууль төгссөн, зарим нь сайн дураараа сурсан гэх мэт ур чадвар, мэдлэгийн хувьд эрс тэс хүмүүс байлаа. Гэвч хамгийн гол нь тэд гайхалтай хөгжимлөг, байгалиас заяасан уян хатан бие гальбиртай, тайзаа чадварлаг мэдэрдэг, хүмүүс байж билээ.
 
1955 онд театрын удирдлага биднийг 8 сарын туршид юу хийж, сурсныг маань шалгаж, бид ч энэ хугацаанд сонгодог бүжгийн урлагт хэрхэн суралцсанаа урам зориг дүүрэн шалгуулсан. Театрын удирдлага бидэнд өндөр үнэлгээ өгсөн нь уран бүтээлчдэд урам зориг хайрласан юм.
 
Э.Оюун багш биднийг “Энэ сурсан дээрээ зогсч болохгүй, үргэлж урагш тэмүүлэх хэрэгтэй” гээд хөгжмийн зохиолч Б.Асафьевын “Бахчисарайн оргилолт булаг” бүжгэн жүжгийг тавих саналыг дэвшүүлсэн.Би талархан дэмжсэн. Яагаад гэвэл энэ бүтээл бүтэн сонгодог биш, манай театрын бүжигчдийн ур чадварт яг тохирсон бүтээл байсан учир Н.Цэгмид дарга маань энэ бүжгэн жүжгийг тайзнаа тавих тушаалыг гаргасан.
 
-Цаг хугацааны шалгуурыг давсан таны энэхүү уран бүтээл өдгөө ч үзэгчдийн хүртээл болсоор байна. Энэ удаагийн тавилт таныг дэглэж байснаас  хэр өөрчлөгдсөн байна вэ?
 
- Миний тавьсан тавилтыг нэг их  өөрчлөөгүй, хөдөлгөөн нь хэвээр  үлдсэнд  талархаж байна. Гэхдээ жижиг хөдөлгөөнүүд, холбоосууд бага зэрэг өөрчлөгдсөн нь жүжигчидтэй холбоотой болов уу.  Театрдаа дахин ирэх бүрт хөгширч буйгаа  мартан залуужих шиг болдог юм даа.
 
-Энэ бүжгийн жүжгийг театрын тайзнаа анх тавихад эд гялалзсан залуу бүсгүй байсан биз. Цаг хугацаа харвасан сум шиг нэг жаран өнгөрчээ. Та сая театрдаа ирэх бүрт залууждаг гэлээ. Одоо хүртэл ийм гайхалтай сайхан харагдаж байгаагийн нууц нь юунд оршиж байна вэ?   
 
-Би энэ театрт 20 жил ажиллажээ. Театр минь миний хоёр дахь гэр байлаа. Энэ хугацаанд бүжгийн танхимдаа нэг ч маргаан, зөрчил, хов жив, сөрөг уур амьсгал гарахгүй гайхалтай эвсэг, нөхөрсөг хамт олныг бүрдүүлсэн.  Хэрвээ театр минь намайг урих л юм бол би  мөлхөж байгаад ч гэсэн бүх үйл ажиллагаанд нь оролцоно гэж боддог шүү.
 
-Таныг сонгодог бүжгийн анхны дэглээч гэдгээс гадна Б.Ринчен гуайн бэр гэдгээр хүмүүс мэднэ. Гэтэл энэ нь таныг хийснээ үнэлүүлж чадаагүйд нөлөөлсөн. Хэлмэгдсэн гэх нь бий. Одоо болтол таны сонгодог бүжгийн урлагт оруулсан хувь нэмрийг үнэлээгүй юм шиг санагдаж байна?
 
-1970 оноос эхлэн жилээс жилд надаар бүжиг тавиулахгүй, ажил өгөхгүй байсаар 1972 онд театрын дарга Л.Намхайцэрэн надад аж ахуйн даргын ажлыг санал болгосон. Балчир хүүхэд наснаасаа бүжгийн урлагт хөл тавьсан надад театраас явна гэдэг туйлын хүнд байсан учир би энэ саналыг зөвшөөрсөн юм.
 
Тухайн жилүүдэд театр тасалбараа бүрэн борлуулж чадахгүй, үзэгчдээ татах менежмент байхгүй, жүжиг тавиад хоосон шахуу танхимд тоглох болсонд сэтгэл өвддөг байсан тул тасалбарын борлуулалтыг бүрэн хариуцаж ажилласан. Би их, дээд сургуулиудтай тохиролцож, залуучуудын холбоо, дүүрэг, үйлдвэр, заводын намын үүр, удирдлагатай хамтран ажиллаж үзэгчдээ татаж байлаа.
 
“Балетын үдэш”, “Дуурийн үдэш” зэрэг арга хэмжээг Лениний нэрэмжит клубт зохион байгуулж, ихэнх шилдэг уран бүтээлчид маань ЗХУ-д сургууль төгссөн учир Орос дууны үдэшлэг, Оросын романсууд гэх мэт тоглолт хийхэд хялбар байсан. Эдгээр үйл ажиллагаанд бүжигчид маань ч идэвхтэй оролцдог байсан даа.
 
Ийм байдлаар бараг амралтгүй ажиллаж байсны үр дүнд театр төлөвлөгөөт орлогоо давуулан биелүүлж байсан. Ингэж 4 жил зүтгэсний эцэст надад Л.Намхайцэрэн дарга чамайг театрт битгий ажиллуул гэж байна гэдэг байгаа. Надад явахаас өөр зам үлдээгүй. \Санаа алдав\  Үнэнийг хэлэхэд хэн юуны учир надад тэгтэл дургүй болж, миний бүх амьдрал, зүрх сэтгэлээ зориулсан хайртай ажлаас минь холдуулах болсныг ойлгоогүй үлдэж билээ......
 
-"Бахчисарайн оргилолт булаг" бүжгийн жүжгийн гол дүр  Марияд бүжиглэсэн МУГЖ Г.Цолмонгоос сэтгэгдлийг нь сонсов.
 
-Ойн арга хэмжээний үеэр тантай хамт бүжиглэсэн уран бүтээлчид энэ сайхан бүжигчинтэй хамт дүр бүтээсэн маань нэр төрийн хэрэг хэмээн тодотгож байсан. Тэгвэл таньд энэ тоглолтын мартагдашгүй мөч юу байв?
 
-Жаран жарнаар хорвоогийн түүх хийгээд хүмүүний амьдралыг хэмждэг монгол уламжлалын дагуу УДБЭТ-ын хамт олон нэгэн гайхамшигт бүтээлийн жаран жилийн түүхийн мөчийг тэмдэглэн үе үеийн ахмад уран бүтээлчид маань  хүрэлцэн ирж үгийг нь сонсч хамтран нэгэн тайзнаа гарч байгаа нь миний хувьд олзуурхууштай.
 
Мөн энэ тоглолтод ээж, аав хоёртойгоо нэгэн тайзнаа гарсан минь хэзээ ч мартагдашгүй дурсамж боллоо. Ардын жүжигчин Х.Ганбаатар бол миний аав Нурали хэмээх цэргийн жанжны дүрийг бүтээлээ.
 
Харин ээж минь УДБЭТ-т бүжигчин байсан Б.Энхээ гэж эмэгтэй байдаг. Дашрамд сонирхуулахад миний ээж Мариягийн дүрд маш олон жил бүжиглэсэн. Мөн ОХУ-ын жүжигчин ирж энэхүү тоглолтод оролцсон нь сайхан үйл явдал боллоо
 
-Таны хувьд удам дамжсан бүжигчин юм байна. Магадгүй таны охин ирээдүйн Мариягийн дүрийг бүтээх мэргэжил өвлөж байгаа болов уу?
 
-Дүрийн хувьд  эмэгтэй хүний сэтгэлийн утсыг хөндсөн эмгэнэлт жүжгийн дүр. Бүжгээр тогтохгүй драматик  жүжиг болохоор мэргэжлийн ур чадвар, жүжиглэлтийг маш их шаарддаг. Жишээ нь Заремад хороогдохдоо Мария “хороож амьдын ялнаас аварсанд баярлалаа” гэж хэлдэг. Эмэгтэй хүний хувь тавилан, уярал харууслыг  бүжгээр тод томруун илэрхийлнэ гэдэг нэлээн ярвигтай ажил шүү дээ. Охин минь яахыг хэлж мэдэхгүй юм.
 
Г.Уранчимэг
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг