sonin.mn
Зураач Б.Отгонтүвдэнгийн “Монгол түүхийн хөлгөн судар” төслийн цогц үзэсгэлэн өчигдөр УЭХ-ны танхимд нээлтээ хийлээ.
 
Тус үзэсгэлэн Их Монгол улсын түүх, Монголын нууц товчооноос сэдэвлэн бүтээсэн томоохон хэмжээний 30 уран зургаас бүрджээ. Тухайлбал, түүхэнд тэмдэглэгдсэн үйл явдлаас гадна тухайн цаг үеийн монгол ахуй, XIII зууны үеийн хатдын гоо үзэсгэлэн, баатар эрсийн сүр хүчийг өгүүлэх “Эцгийн захиас”, “Монгол наадгай”, “Дэв тэнгэр”, “Тачаал”, “Бага нас” зэрэг уран бүтээлийг дэлгэжээ.
 
“Монгол түүхийн хөлгөн судар” төслийг анх 2014 оноос эхлэн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлсэн байна. Уг төсөлд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун, шог зураач С.Цогтбаяр, зураач Б.Отгонтүвдэн, Б.Дөлгөөн “Гамма” студийн захирал С.Цацралт болон арын албаны 100 гаруй хүн ажиллажээ.
 
Энэхүү үзэсгэлэнг дэлхийн 10 гаруй улсад дэлгэх аж.
 
Зураач Б.Отгонтүвдэн нь 2008 онд Оросын эзэн хааны уран зургийн академи буюу И.Е.Репиний нэрэмжит Санкт-Петербургийн уран зураг, архитектурын улсын академийг төгссөн, ОХУ-ын Урчуудын эвлэлийн гишүүн.
 
Тэрбээр 2014 оноос Италийн Равена хот дахь эртний сүмийн таазны зургийг бүтэн хэмжээгээр өөрийн шийдлээр зурах таван жилийн хугацаатай төсөлд ажиллаж байгаа бөгөөд Монголоос төдийгүй Ази тивээс Итали оронд очиж, сүмийн нүсэр том хэмжээний зураг зурж буй анхны зураач юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг