sonin.mn
УДБЭТ-ын тайзны зөөлөн хөшигний иж бүрдлийг Турк улсын хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-ийн буцалтгүй тусламжаар шинэчлэн гүйцэтгэх гэрээнд гарын үсэг зурах ёслол боллоо.
 
Гэрээнд өнөөдөр тус театрын дарга Ч.Мөнхзул, ТИКА-гийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулагч Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурав.
 
Энэхүү хөшиг нь 3 өнгийн сольдог гадаргуутай, дуу намсгах материалаар хийснээрээ давуу талтай, орчин үеийн технологид нийцсэн хөшиг юм. Нийт 14.500 ам.доллар буюу 30 сая төгрөгийн өртөгтэй аж.
 
Энэ үеэр тус театрын дарга Ч.Мөнхзул хэлэхдээ, “Театрын зөөлөн хөшиг бол тоглолт бүрт хэрэглэдэг, үзэгдэл, үйлдлийг зааглаж, чимэглэж байдаг чухал хэрэгсэл.
 
Манай театрын зөөлөн хөшиг сүүлийн 30 жил солигдоогүй,  дунд нь дуу тусгаарлагчгүй учраас хөшиг буусан үед тайзны ард болж байгаа үйлдэл үзэгчдэд сонсогддог, бүх тоглолтод хэрэглэдэг учраас их элэгдсэн.
 
Харин одоо ТИКА-гийн буцалтгүй тусламжаар хүрэн, хар, цагаан өнгийн, дуу тусгаарлагчтай хөшигтэй болж байна. Олон жилийн туршид театрын тайзнаа тоглох бүхий л тоглолтод хэрэглэх зөөлөн хөшгийг хийж гүйцэтгэж буй ТИКА-ийн байгууллага хамт олонд талархал илэрхийлье” гэв.
 
Энэхүү төсөл сарын дараа хэрэгжин, тус театр орчин үеийн стандарт бүхий тайзны зөөлөн хөшигтэй болох юм.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг