sonin.mn
Буриад түмний 12 дахь удаагийн “Алтаргана-2016” наадам энэ сарын 1-3-нд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотноо болно. Уг наадам нь анх 1994 онд Хэнтий аймгийн Дадал суманд болж байсан бөгөөд хоёр жил тутамд нэг удаа зохион байгуулдаг байна.
 
Наадмын үеэр Буриадын нэг өдөр-уламжлал ёс заншил, аман зохиолын уралдаан, Буриад ардын болон орчин үеийн дуу, үлгэр, магтаал шүлгийн уралдаан, "Буриад Дангина" буюу гоо бүсгүй шалгаруулах тэмцээн болно.
 
Мөн Буриад ястны ардын гар урлал, бэлэг дурсгалын бүтээлийн үзэсгэлэн, Буриад хувцас, Уламжлалт ахуй соёл -Буриадын хувийн аж ахуйн эрхлэлтийн үлгэрчилсэн үзүүлбэр, Буриадын яруу найргийн уралдаан, Эссэ бичлэгийн-богино хэмжээний өгүүллэгийн наадам, Монголын буриадын дуучдын дууны клип зэрэг урлаг, соёлын уралдаан зохион байгуулах аж.
 
Энэ удаагийн наадмыг Буриадын өв, соёлыг хөгжүүлэх сан, Буриад судлалын академи, Амин тоонто ТББ, Буриад сурын холбоо, Буриадын соёл, спортын холбоо, Сэлэнгэ мөрний буриад зон ТББ, Хатар ёохор хамтлаг зэрэг байгууллага зохион байгуулах юм.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг