sonin.mn
Нийслэлийн “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “PLAYTIME 2016” амьд хөгжмийн наадам энэ сарын 24-26-нд Монгол шилтгээнд боллоо.
 
Улаанбаатар хотын орчин үеийн хөгжмийн соёлыг хөгжүүлэх, залууст амралт чөлөөт цагаа цэвэр агаарт, байгаль орчинд ээлтэй хэлбэрээр өнгөрүүлэх, дэлхийн болон Монголын шинэ, шилдэг амьд хөгжмийн хамтлаг дуучдыг танилцуулах замаар тэдний хөгжмийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор тус наадмыг энэ жил 15 дахь удаагаа зохион байгуулав.
 
 Эл наадамд Шведийн дэлхийд алдартай “The Radio Dept” болон Японы “Roth Bart Baron”, “The You”, “Fu-Ching-Gido”, Францын “Charles Baptise”, Сингапурын “Annajudgeapril”, ОХУ-ын “Slackers”, БНСУ-ын “Shenanigans”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны “9596”, Финландын “Catself” зэрэг гадаадын амьд хөгжмийн 10 гаруй хамтлаг болон “Нисванис”, “The Lemons”, “Аясын салхи”, “UFO” зэрэг үндэсний шилдэг 25 амьд хөгжмийн хамтлаг дуучид цэвэр агаарт 3 хоногийн турш өөрсдийн уран бүтээлээ толилуулав. Түүнчлэн 20 гаруй DJ бүтээлээ “Playtime”, “Шинэ Давалгаа” тайзаар дамжуулан хүргэсэн юм.
 
Мөн наадмын үеэр Монголд төдийгүй олон улсад нэр хүндтэй загвар зохион бүтээгч Ариунаа Сүри болон бусад залуус, уран бүтээлчдийн урлаж бүтээсэн хувцас, гоёл чимэглэл, арьсан эдлэл, хөрөг зураг болон гар урлалын онцлог бүтээлүүдийг толилуулав.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг