sonin.mn
Монголын Сахаада спортын холбооноос Mas-wrestling, модон саваа таталтын УАШТ-ийг өнгөрсөн амралтын өдрүүдэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-д зохион байгуулж шилдгүүдээ тодрууллаа.
 
Тус тэмцээнд 60 гаруй тамирчин оролцож, эрэгтэй 5, эмэгтэй 2 жинд өрсөлдсөн юм. Тэмцээний талбайн шүүгчээр БТСХТ-ийн мэргэжилтэн, Монголын Сахаада спортын холбоо /МСаСХ/-ны ерөний нарийн бичгийн дарга Б.Эрдэнэваанчиг, БТСХТ-ийн мэргэжилтэн Н.Цэдэн, шүүгч-нарийн бичгийн даргаар МҮИС-ийн багш Б.Эрдэнэболд, БТСХТ-ийн мэргэжилтэн Б.Анар нар ажиллав.
 
Тэмцээнийг нээж МСаСХ-ны ерөнхийлөгч, доктор Б.Ням ”Модон саваа таталтын УАШТ-д оролцож байгаа тамирчдад баяр хүргэж байна. Тэмцээнд түрүүлсэн тамирчид энэ оны есдүгээр сард Киргиз улсын Бишкек хотноо болох модон саваа таталтын ДАШТ-д оролцоно.
 
Модон саваа таталтын тэмцээнийг ирэх жилээс өсвөр, залуучуудын, оюутны гэсэн ангиллаар явуулах юм. Ирэх сарын эхээр ОХУ-ын Якут улсын Якутск хотод болох олон улсын хүүхдийн спортын “Дети Азии” наадамд манай 10 тамирчин модон саваа таталтын төрлөөр оролцоно.
 
Энэ спортоор ямар ч насны хүмүүс хичээллэж амжилт гаргах боломжтой. Гарын бяр, ур чадвар, тэсвэр тэвчээр гээд олон чадвар шаарддаг спорт” хэмээн онцолсон юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг