sonin.mn
АНУ-ын Хүүхдийн зохиолчдын холбоо 2013 онд миний уран бүтээлийн тоглолтыг Сант Луис хотод зохион байгуулж билээ. Америкт очсоных номоо гаргая хэмээн бодож нэгэн том хэвлэлийн газрын үүдийг татав. Захирал нь шууд л дугтуй маркаа хамт өгсөн үү гэж байна. 
 
Юу гэсэн үг вэ? Гар эхийг минь уншаагүй байж буцаах тухай ярьж байна аа даа. Тэгэхдээ миний зардлаар. Арай ч дээ. Тэр тухай тоглолтын хөтлөгч хатагтай Эн Пелловскид хэлж орхилоо. Хатагтай нэгэн цагт ЮНЕСКО-д хүүхдийн ном хариуцаж байсан бөгөөд дэлхийн хүүхдийн утга зохиолын түүхийн ном зохиосон хүн. Дэлхийн 120 гаруй оронд очсон гэсэн. Тэгсэн чинь хатагтай “Тэдний зөв! Бид чинь америкийн хүүхдийг зөвхөн америк зохиолчийн бүтээлээр хөгжүүлдэг улс” гэлээ. 
 
“Орчуулгын номыг бага насны хүүхдүүдэд уншуулдаггүй байх нь уу?” Хатагтай Эн Пелловски “Тийм” гээд үндэслэлийг нь тайлбарлаж байна. Америкийн хүүхдийн зохиолчдын номонд үндэсний ёс заншил, уламжлалт соёл, тансаг яруу үг хэллэг цөм байдаг гэнэ. Хүүхдийг жинхэнэ америк хүн болгоё гэвэл эх орныхоо хамгийн шилдэг зохиолчдын он цагийн уртыг даван туулж ирсэн хүчирхэг номоор сэтгэлд нь хүрч төлөвшүүлдэг юм байна.
 
Тэгтэл бид яалаа? Хүүхдэд уншуулах номын дийлэнх нь орчуулгынх байсан биз дээ. Би хүртэл ихэвчлэн орос хэлнээс 60 гаруй ном орчуулж, ЗХУ болон социалист орнуудтай ойртон нягтрах үйл явцад хувь нэмрээ оруулж байсан. Үзэл суртлын мананд төөрөлдсөн бидний зохиолд орос биш монгол ч биш хүүхдүүд дүрслэгддэг байсныг нуугаад яахав дээ. Яагаад гэвэл бид эцэг дээдсийн мэргэн ухаан, үндэсний уламжлалаас таслагдчихсан байжээ. 
 
Хэрэв бид нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, оюунлаг монгол хүүхдийг хөгжүүлье гэж бодож байгаа бол мөнхтэнгэрийн хүчин дор хааны суу залийн гэгээн дор хөгжин мандсан өвөг дээдсийн мэргэн оюунтай холбогдохоос өөр аргагүй. Чингис хаан хойч үедээ тансаг орд харш, алт эрдэнэс биш мэргэн сургаалаа өв болгон үлдээжээ. 
 
Тэр нь хөвгүүд дүү нартаа айлдсан сургаалын цоморлиг бөгөөд “Чингисийн билиг” нэрийн дор үеэс үед уламжлагдан хурц сэргэлэн монгол үрсийн билгийн харааг нээгдүүлсээр иржээ. Тэрхүү шастир нь Монголын хүүхдийн утга зохиолын анхдагч ном мэт надад санагддаг. Тийм ч учраас би 1991 онд дэлхийн хүүхдийн утга зохиолын “Bookbird” /Номон шувуу/ сэтгүүлд “Монголд хүүхдийн утга зохиол хэдийд бий болсон бэ?” /“When did children’s literature appear in Mongolia?”/ гэсэн үгүүллийг тэргүүн хуудсанд нь нийтлүүлж, түүндээ Чингис хааныг монголын анхны хүүхдийн зохиолч гэж олон улсын хүрээнд мэдээлсэн билээ.
 
Тийнхүү мянганы суут хүн Чингис хааныхаа сургаал бүхнийг үлгэрийн дүр дүрслэлд оруулан хүүхдүүдэд хүргэвэл сонирхолд нь нийцэх болов уу гэсэн бодлыг би олон жил тээж явлаа. Тэгээд ч “Эрдэнийн сан Субашид” хэмээх эртний сургаалын зохиолд тайлбар үлгэр бүтээж, тэр нь монголын олон үеийн багачуудад амьдралын сурах бичиг болсоор ирсэн гэгээн уламжлал бий. 
 
Хэдийгээр Энэтхэг, Түвдийн гаралтай судар ч гэсэн монгол ахуйд нийцүүлэн уран яруу хэлээр орчуулсан тул нүүдэлчдийн хүүхдийн сэтгэлд наалдац сайтай, оюуны хөгжилд нь өгөөж ихтэй байсан бололтой. Тэгээд ч үеэс үед монгол ардын үлгэр мэт түгэн тархсан биз.
 
Чингээд Чингис хааны билиг сургаалд тайлбар үлгэр зохиох саналаа Ерөнхийлөгчийн Тамгын газарт тавилаа. Тэрхүү санал үндэстнийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал, түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх зорилтод нийцсэн тул Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор хэрэгжүүлэхээр болов.
 
Тайлбар үлгэр зохиох ажилд ганцаар биш ард нийтээрээ оролцох нь зүйтэй мэт санагдлаа. Эзэн хааны айлдвар сургаал бол монголыг монголоор нь авч явах удам хойчдоо үлдээсэн оюуны үнэт өв учраас ард олноороо авьяас билгээ уралдуулан уран сайхны өндөр түвшинд бүтээх шилдэг туурвил гарцаагүй мөн. 
 
Тиймээс Чингисийн билиг сургаалд үлгэр зохиох уралдаанд найман настай балчраас наян настай буурал хүртэл бүгдээрээ хэлэлцвэл буруугүйг нотлон оролцож, Монголын хүүхдийн оюун санааны үндэс болохуйц үгийн урлагийн нэгэн гайхамшигт эрдэнийн санг бүтээцгээе. Нэг сургаалд хичнээн ч үлгэр ирүүлж болох бөгөөд цэцийн зөвлөл түүнээс хамгийн шилдгийг нь шалгаруулж эх баригчид шилжүүлнэ. Эх баригч нягтлан хянаж, номын цогцлолыг бүрдүүлэн, зураг зуруулж, орчин үеийн хэвлэлийн өндөр түвшинд чанартай хэвлүүлэх ажлыг хариуцна.
 
Чингис хааны билиг сургаал, тайлбар үлгэрийн номыг үр хүүхэдтэй өрх айл болгон бага балчир үрсийнхээ оюун санааны үндэс болгож дээдлэн залахын зэрэгцээ ард нийтээрээ бүтээсэн мэргэн үлгэрээс өвөө эмээ, аав ээж нь үр ач нартаа үдэш болгон ярьж өгч, улмаар нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой, хурц билигт иргэдийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах нь лавтай.
 
Тэдний дундаас монгол гэдэг нэгэн нэрийг ертөнцийн чихнээ зэр зэвсгээр биш оюун билгээр дуурсгах хүчирхэг нэгэн үе төрөн гарна гэдэгт өчүүхэн ч үл эргэлзэнэ. “Чингисийн билиг” сургаал үлгэрийн номыг түмэн олноороо ухаан билгээ уралдуулан зохиож буйн хамаг учир нь тэр бүлгөө.
 
Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог /Соёлын гавьяат зүтгэлтэн/