sonin.mn
Галдан бошигт 1676 оны эхээр одоогийн Бээжингийн наана Улаан булхагт 30 мянган цэрэгтэйгээр Манжийн 100 мянган цэргийг ялж, Буйр нуур хүртэл газар нутгаа тэлж, өөрийгөө Монголын их хаанд өргөмжпөн Түшээт ханы нутагт ирж суужээ. 
 
Эл үед Ойрадын 40 хошуу 2 хэсэг болон хуваагдаж Цорос, Шарас, Махас гэсэн 3 аймгийн 20 хошуу нь Зүүнгарын Ойрад болж, баруун гарт тооцогдох олон овог аймаг гадагш нүүсэн учраас Галдан бошигт улсаа “Зүүнгарын хаант улс” гэж нэрлэжээ. 
 
Галдан хаан Зүүнгарын хаант улсын захиргааг шинэчилж хот айл, арав, хорь, дөчин отог гэж хуваан харъяат ардууд нэг отгоос нөгөө отог руу шилжихийг хориглож, отгийн захирагчийг “зайсан”, дөчний захирагчийг “дэмч” гэж нэрийджээ.
 
Энэ үед Зүүнгарын хаант улс нь зоосон мөнгө цутгуулж, сүм хийдүүдэд жас байгуулж, зэр зэвсгийн үйлдвэр, галт бөмбөг, дарины үйлдвэр, тагнуулын алба, газар тариалан, мал аж ахуй хөгжүүлсэн том гүрэн байжээ.
 
Манжийн Энх-Амгалан Галданг ихэд дорд үзэн “хаан” гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй байсан бөгөөд Манжтай хийх худалдаа наймаанд ихээхэн садаа учруулдаг байсан тул Туркменистан, Самарканд, Бухар зэрэг рүү газар нутгаа тэлж, худалдааны замд ноёрхох болжээ. 
 
1686 он гэхэд Хасаг, Хотон, Хами, Турфан, Кашгар, Яркенд, Сайрам, Киргиз, Бухар, Самарканд, Фирганы хөндий зэрэг Төв болон Дундад Азийн 1000 гаруй том жижиг хот тосгодыг эзэлснээр Галдан бошигт Төв Азийн хамгийн хүчирхэг хүн болж, Оростой найрсаг байж худалдаа наймаа хийх, харилцан элч солилцох бодлого барьж, Орос, Хятадыг холбосон “Торгоны зам”-ыг хяналтандаа авсан байв.
 
Галдан хаан тод, дөрвөлжин, төвд үсэгтэй алтан тамга гурвыг барьдаг байжээ. Хаанаас доошхи албаны хүмүүст мөнгө, зэс, төмөр, цагаан тугалган тамга хийлгэн бариулж зэрэг зиндааг ялгаж өгчээ. Зүүнгарт амьдарч байсан Орос, Швед гаралтай уран дархан хүмүүсээр галт зэвсэг, хуяг дуулга, жад, илд хийлгэж байх зорилгоор 1000 өрх бүхий “буучин” хэмээх отгийг байгуулж байжээ.
 
Галдан бошигт 20 жилийн турш Манжийн эсрэг тэмцэхдээ олон удаагийн дайн байлдаанд ялалт байгуулсан боловч хамгийн сүүлчийн буюу 1695 оны хавар Тэрэлжийн Зуун модонд болсон Эмээл уулын байлдаанд Манжийн зүүн, баруун замын 100 мянган цэрэг, Халхын цэргүүдэд ялагдсан байна. Галдан хаан Цорос аймгийн хүн бөгөөд Цорос нь Хавт Хасарын үр хойч юм.
 
1451-1454 онд Цорос аймгийн Эсэн тайш бүх Монголын хаан сууринд суусан бөгөөд түүний бага хүү Эсмүний хойч үр нь Эрдэнэбаатар хунтайж ажээ. Галдан хааны тэмцэл нь Манжийг сөрөн зогссон Монголын талын цорын ганц хүчин байсан гэдгийг ямар ч нөхцөлд үгүйсгэж чадахгүй билээ. 
 
Түүхчид Зүүнгарын хаант улсыг 120 гаруй жил буюу 1635-1758 он хүртэл оршин тогтносон хэмээн үздэг. Галдан хаанаас хойш 60 гаруй Зүүнгарын хаант улс тусгаар байдлаа хадгалан оршиж байсан байна. Зүүнгар гэдгийг тайлбарлахдаа Алтан гадас од руу харж зогсохоор ертөнцийн баруун зүг нь тухайн зогсож буй хүний зүүн гар тал болно хэмээх утгаар нэрлэгдэхээс гадна Баруун Монголын зүүн талаар нутаглаж байсан аймгуудад тулгуурлан байгуулагдсан улс учраас ийнхүү нэрийдсэн ажээ. 
 
1750 он гэхэд Зүүнгарын хаант улс нь Цагаан хэрмийн баруун үзүүрээс одоогийн Казакстаны зүүн хэсэг хүртэл, одоогийн Киргизстаны хойд хэсгээс өмнөд Сибирь хүртэлх газар нутгийг эзлэн оршиж Галдан бошигтоос хойш Цэвээнравдан, Галданцэрэн, Даваач нар хаан цолтойгоор удирдаж байжээ.
 
Манж нар 1755-1758 онд Зүүнгарын хаант улсыг мөхөөж ойрадын хүн амыг цуст яргалал үйлдэн устгаж, 620 мянган хүн амыг цаазлан хороох, амьдаар нь газар булах зэргээр хүйс тэмтэрчээ. 
 
Газар нутаг нь эзгүйрэн хоосроход Уйгар, Киргиз, Казах иргэдийг суулган шагнаж, үлдсэн цөөн хэдэн Ойрад-Монгол хүмүүс Ижил мөрөн хавьд нутаглах Торгууд, Халимагт зугтан очжээ. Манж нар ийнхүү хядаж алсныгаа тахал, хижиг гарч үрэгдсэн мэтээр түүхэндээ бичиж үлдээсэн байдаг.
 
Эх сурвалж: "Монгол орны лавлах" эмхэтгэл номоос Ч.Буянбадрах