sonin.mn
Дэлхийн цөлжилт, ган гачгаас сэргийлэх ажлыг соёлын арга хэмжээгээр дамжуулан хүргэх зорилтыг “Чинхай” муж дэвшүүлжээ. "Үзэсгэлэнт Чинхай Улаанбаатарт” үзэсгэлэнг  өнөөдөр “Централь таур”-т нээв.
 
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв, Чинхай мужийн Соёлын болон Хэвлэл мэдээллийн танхимтай  хамтран “Чинхай” мужийг монголчуудад таниулах соёлын арга хэмжээг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
 
Тус соёлын арга хэмжээнд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ, Чинхай мужийн Соёлын болон Хэвлэл мэдээллийн танхимын дэд дарга Кун Рун нарын албаны хүмүүс оролцлоо.
 
Тус арга хэмжээг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин нээж хэлэхдээ, “БНХАУ Монгол Улстай олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн. Хоёр орны соёлын арга хэмжээгээр дамжуулан найрамдалт харилцаа жилээс жилд тэлж байна.
 
2014 онд Монгол Улсад БНХАУ-ын дарга Ши Жинпинь айлчилсан нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргасан. Ингэснээр хоёр орны харилцаа бүх салбарт өргөжин тэлж байна. Хятад улсын хувьд Чинхай муж нь өвөрмөц байгалийн тогтоцтойгоороо онцлогтой.
 
Өнөөдөр Чинхай муж дахь байгалийн үзэсгэлэнт газрууд болон Азийн хамгийн том Хөх мөрөн, биет бус соёлын өвийг таниулах гэрэл зургийн үзэсгэлэн нээлээ. Үзэсгэлэнгээс Хятадын байгалийн дурсгалт газруудтай танилцах боломж бий болж байна. Мөн Хятадын үндэсний дуу бүжгийн нээлтийн арга хэмжээ УДБЭТ-т болно” хэмээн онцлов.
 
Энэ үеэр Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвтэй Архангай аймгийн ЗДТГ Хятадын соёлын өдрүүдийг тус аймагт зохион байгуулах гэрээ байгуулсан юм. Ирэх 8 дугаар сард Архангай аймагт  Хятадын соёлын өдрүүдийг тэмдэглэхээр Архангай аймгийн Засаг дарга Д.Бат-Эрдэнэ,  Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвийн дарга Ли Вэй нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажууллаа.
 
Архангай аймаг нь БНХАУ-ын зарим хотуудтай харилцаа тогтоож, мал аж ахуй, газар тариалан, соёл боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллаж буй аж. Энэ хүрээнд тус аймагт Хятадын хөрөнгө оруулалтаар150 хүүхдийн цэцэрлэг барихаар болжээ.
 
БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр "Хоёр орны найрсаг харилцаа тэр дундаа соёлын харилцаа чухал үүргийг гүйцэтгэсээр ирсэн. 5 жилийн тэртээ байгуулагдсан Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төв нь хоёр орны соёлын харилцааг өргөтгөхөд чухал хувь нэмрээ оруулж буйг тэмдэглүүштэй. Хөх нуурын буюу Дээд монголчуудын амьдрал ахуй, урлаг соёлыг таниулахаар зорьж ирсэн нь сайшаалтай” гэв.
 
Улаанбаатар хот дахь Хятадын Соёлын төвөөс Хятад хэлд  сайн суралцсан хүүхдүүдийг Бээжин хот болон Хөх нуураар аялуулах юм байна. Мөн Солонгос, Хятад, Монголын хамтарсан Зүүн хойд Азийн үзэсгэлэн ирэх 8 дугаар сарын 16-нд нээлтээ хийнэ. Үүнтэй холбогдуулан зураач, сэтгүүлчдийн бүрэлдэхүүнийг “Хөх нуур”-тай танилцуулна хэмээн Хятадын талаас мэдээллээ.
 
 Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг