sonin.mn
ВАШИНГТОН. /Xinhua/. Дэлхийн далай тэнгисийн шувуудын 90 орчим хувь хуванцар хог хаягдал идэж байгааг судалгаагаар тогтоожээ. АНУ-ын ШУА-ийн “Proceedings” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаа нь далайн тэнгисийн шувуудад хуванцар хог хаягдал маш их сөргөөр нөлөөлж байгааг харууллаа.
 
1960-аад оны эхэн үеэс хойш нийтлэгдсэн судалгааны тайлангуудад хийсэн дүн шинжилгээнээс үзвэл, өнөөдөр далайн шувууд хуванцраар хооллох нь “байдаг л үзэгдэл” болжээ. 1960 онд далайн шувуудын тав хүрэхгүй хувийнх нь ходоодноос хуванцар олдож байсан бол 2010 он гэхэд энэ үзүүлэлт 80 хувь болж нэмэгдсэн байна.
 
Тэгвэл 2050 он гэхэд дэлхийн далайн шувуудын 99 хувь нь хуванцраар “хооллох” эрсдэлтэй байна гэж судлаачид урьдчилан таамаглаж байна.
 
Хот, суурин газар орчмын гол болон бохир ус зайлуулах хоолойнуудаас далай тэнгис рүү урсан орсон хуванцар эд зүйлс, хуванцар сав болон шилний бөглөө, синтетик хувцасны хуванцар утас зэрэг далайн шувуудын ходоодноос олджээ.
 
Судлаачдын хэлснээр, шувууд тод өнгөтэй зүйлсийг хоол гэж андууран залгисны улмаас нарийн гэдэсний түгжрэл үүсч, турж эцэн улмаар үхдэг аж. Далай руу хог хаягдал хийж байгааг зогсоох дорвитой арга хэмжээ авахыг судлаачид дэлхий дахинд уриаллаа.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг