sonin.mn
УЛААН-ҮД. /asiarussia/. Улаан чоно, уулын чоно, Гималайн чоно (Cuon alpinus) гэх зэргээр янз бүрээр нэрлэдэг нохойн төрлийн сүүн тэжээлтэн энэ амьтныг дэлхий дээр устаж үгүй болсон төрөл зүйлд оруулаад удаж байна. Улаан чоныг улбар шар чоно /Canis lupus rufus/-той андуурах нь түгээмэл байдаг.
Монголчуудын хувьд ийм төрлийн амьтан нутаг оронд нь байхгүй, устаж үгүй болсон гэсэн ойлголттой байдаг бөгөөд энэ тухайд холбогдох байгууллагууд албан ёсоор зарлаж байв. Тодруулбал, бүр 1969 онд Өмнөговь аймгийн нутаг дахь Зөөлөн гэдэг ууланд сүүлчийн удаа улаан чонын бараа харагдсан гэж тухайн үеийн “Үнэн” сонинд бичиж байжээ.
 
Гэтэл энэхүү ховор төрлийн амьтны удам тасраагүй аж. Наймдугаар сарын 5-ны өдрийн 13 цагийн орчимд нэн ховор төрлийн амьтан болох мазаалай хэмээх говийн баавгайг ажиглах зорилгоор суурилуулсан хяналтын камерын бичлэгт улаан чонын дүрс гэнэт орж ирсэн байна. Уг камерыг Монголын нутгийн Алтайн чанад дахь говьд байрлуулсан аж.   
 
Улаан чоно бол нэлээд биерхүү амьтан юм. Биеийнх нь урт 76-110 см, сүүлнийх нь урт 45-50 см хүрдэг бол жин нь 17-21 кг. Гадна төрхийг нь сайтар ажиглаваас, саарал чоно, цөөвөр чоно болон үнэгний шинж төрхийг өөртөө агуулсан байдаг. Ердийн саарал чононоос ялгаатай нь, үс нь хөвсгөр, сүүл нь бараг газар шүргэх шахам урт бөгөөд үзүүр нь хар өнгөтэй аж. Улаан чоно богинохон шөвгөр эрүүтэй, дүгрэг хэлбэртэй том босоо чихтэй байдаг нь энэ амьтныг цөөвөр чоно, саарал чоно болон нохойноос ялгагдах онцлог шинж тэмдэг юм.
 
Д.Жаргал
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг