sonin.mn
Нэгэн ахмад дайчны товч намтар дурсамж:
 
Боржигон овгийн Гаажидын Мантай Дундговь аймгийн Хулд сумын уугуул. Одоо нийслэлийн Хан-Уул дүүргийн X хороонд оршин суудаг. Тэрбээр Дэлхийн II дайны төгсгөл 1945 оны Чөлөөлөх дайнд оролцжээ.
 
Миний бага нас 
 
Тэр үед засаг захиргааны тогтолцоогоор Богд хан уул аймгийн Дэлгэрхангай уулын хошуу одоогийн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг Их шанхай уулын өвөрт 1923 онд харагчин гахай жил төрсөн. Малчны хүүхэд учир ээж аавын гар дээр өсч, эгч ах, дүү нарын хамт тухайн үеийн хөдөөгийн амьдралаар 20 нас хүрэв.
 
Ардын цэргийн албанд 
 
1942 оны зун зургадугаар сард би бантан хүрэн, бундан хул гэдэг хоёр сайн морио унаад Дэлгэрхангай сумынхаа хэсэг залуучуудын хамт ардын цэргийн албанд мордож билээ. Эх орны дайны үе байсан болоод ч юмуу, тэр жил цэрэгт татагдагчид хувийн унаа мориор явсан юм. Энэ үед манайх Номгон Даравгай гэдэг газар нутаглаж байв. Хайрт ээждээ үнсүүлээд, дүүтэйгээ сайны ерөөлөөр ёс гүйцэтгээд цэрэгт анх явснаа мартдаггүй.
 
Бидний шинэ цэргүүд Дундговь аймгийн төвд эрүүл мэндээ үзүүлж, унаа морь үгүй нь Улаанбаатар хот руу машинаар нэгээс хоёр морьтой зуугаад залуус Сүхбаатар аймгийн нутаг Байшинтын цэргийн ангид хуваарилагдан очиж билээ.
 
Тэнд морьт VII дивизийн XIVхорооны III сумангийн II салааны хоёрдугаар тасагт би хугацаат цэргийн албыг хашлаа. Очсон жилээ бага даргын сургуульд суралцаж, 1943 оны эхээр салааны туслах болов. Байшинтын цэргийн ангид дөрвөн жилийн нүүр үзэж ерөнхий боловсролын хичээл, байлдааны бэлтгэл сургууль хийж эх орноо батлан хамгаалах үйлсэд бүрэн бэлтгэгдлээ.
 
Чөлөөлөх дайны фронтод 
 
1945 оны зунаас орос цэргүүд манай ангийн түүгээр ирж байрладаг болов. Нэг шөнө манай салааныхныг түргэн жагсаал авахуулж улсын хил Дорноговийн нутаг руу морин аялал хийлгэв. Би бантан хүрэн мориороо явлаа. Бид байлдаанд бэлхэн байв. Наймдугаар сарын 9-ний шөнө Японы эсрэг дайнд маргааш орно гэсэн мэдээ сонслоо.
 
10-ны үүрийн таван жингээр манай цэргийн ангиуд Монгол-Хятадын хилийг давж, Японы түрэмгийлэгчдийн эсрэг чөлөөлөх дайнд орлоо. ЗХУ, БНМАУ, Японы эсрэг дайн зарласан тэр өглөө нисэх онгоц, хуягт танк, их буу нижигнэж, монгол цэргүүдийн морин туурайн төвөргөөн тачигнан гал утаа, харанхуй тоос манан дунд хил даван давшиж эхэлсэн нь санаанд ил.
 
Манай салаа VII дивизийнхээ тэргүүн эгнээнд давшиж, ахлах түрүүч миний бие, нэг нутгийн Луус сумын цэрэг Лхам, Төв аймгийн цэрэг Лувсандоржийн хамт толгойн сэргийлэхэд явах тушаал авлаа. Замд тохиолдох айл, малуудыг сэрэмжлэн тагнаж дайсан байгаа эсэхийг мэдэж эргэж урьдчилан мэдээлэх онцгой үүргийг бид хүлээсэн юм.
 
Давшилтын хоёр дахь өдөр нэг хот айлаас бүрэн зэвсэглэсэн хоёр япон орон дор, авдрын ард нуугдаж байсныг бид гурав илрүүлэн барьж зэвсгийг нь хурааж, мориндоо сундлан ангидаа аваачиж өгөв.
 
1945 оны Чөлөөлөх дайнд морин аяллын давшилтаар монгол цэргүүд, тэр зуны аагим халуун нар, усан борооноор өдөр шөнийн турш нойр хоолгүй, элсэн цөл, өндөр уул, өгсүүр даваа, өргөн гол мөрөнг гатлан явж, монгол хүлэг мориныхоо хүч аагаар есөн хоног Өвөрмонгол, Хятадын зүүн хойд нутгаар олон арван сүм хийд, хот тосгоныг чөлөөлж, 1000-аад км замыг туулж, япон цэрэг үүрлэж байсан хятадын Жехе хотод хүрч дайны ялалт байгуулсан юм.
 
Японы түрэмгийлэгчдийг бүрмөсөн бут ниргэж дэлхийн II дайны төгсгөл ялалтын их баярт маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн генерал И.А.Плиев, манай генерал Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нар оролцож, фронт командлагч Х.Чойбалсан үг хэлэхийг сонсч, нийт дайчид их баярлаж билээ. 
 
Олзлогдсон Япон цэргүүдтэй хамт
 
Дайн дуусч цэргүүд хэд хоног амраад нутаг буцах гэж байв. Нэг өглөө VII дивизийн дарга хурандаа Г.Дорж шилдэг дарга, цэрэг 700-гаад дайчин, японы олзлогдсон цэргүүдийг Хятад, Зөвлөлтийн хилээр дамжуулан авч явж Монгол Улсдаа очно гэж мэдэгдэв. Түүнд би оролцох нэр дуудагдаж өөрийнхөө адуун сүргийн унаган хүлэг бантан хүрэн морио нутгийн нэг цэрэгт өгч явуулахаар тохиров.
 
Тэгээд дөрвөн жил унаж эдлэн морин цэргийн сургууль хийсэн хайрт хүрэн мориныхоо эрдэнийн толгойг илж, хондлойных нь хөлснөөс духандаа түрхэж, эмээлт морио орхиод эсрэг дайсан байсан япон цэргүүдтэй хамт явав. Монгол дарга 20 мянган японыг Жехе хотоос хятадын төмөр замын машин буудал хүртэл 70 км газар явган туулж гурван хоног явав.
 
Тэр буудалд очиход миний хөл холгож, өсгий, ул улаан нялга, усан цэврүү болсон байв.Тиймхэн бэрхшээл зовлонг цэрэг эрс ямар юманд эмзэглэх биш дээ. Тэгээд Хятадын галт тэрэгний 150 задгай вагоны тэвшинд багтах зайгүй чихцэлдэн сууж, замын өртөөд дамжин явсаар Оросын галт тэрэгтэй учирч, битүү вагонд суун, нар салхинд халж хөрөлгүй явсаар Наушки станцад хүрэв.
 
Тэндээс нөгөө манайд ирэх олзлогдсон японуудаа явган тууж Зөвлөлт, Монголын хил нэвтрэн Цагаан-Ээрэг, Алтанбулагт ирэв. Тэгээд Улаанбаатар руу тэднийг ачааны машинуудаар зөөв. Намар орой аравдугаар сарын сүүлчээр /1945 он/ нийслэлд ирж, нэг салаа-30 японыг би Монголын долоон цэрэгтэйгээ харж хамгаалан барилга, газар шорооны ажил хийлгэдэг байлаа.
 
Хотод усны гурван гудамжинд нэг муухан шавар байшинд хагас жил илүү япон олзлогчидтой хамт ажиллаж, ардын цэргээс Дотоод яамны хилийн цэргийн мэдэлд бид шилжсэн юм. Тэгээд би Дотоод яамны хязгаарын цэргийн мал аж ахуйн ангид улс төрийн орлогчоор цолгүй офицер бодлого зааж, зуны улиралд хурдан морь уядаг байлаа. 1946 оны улс хувьсгалын 25 жилийн ойн их баяр наадамд миний уясан зургаан насны болон жороо морьдоос хүрэн соёолон айрагдаж, бусад нь дээгүүр давхиж билээ.
 
Энхийн хөдөлмөрт 
 
Нэг өдөр Хязгаарын цэргийн удирдах газрын дарга генерал Б.Дорж намайг дуудаж ирүүлээд чамайг ЗХУ-д хилийн албаны сургуульд, явуулахаар болсон. Гэтэл чиний ар гэр хүн бүлгүй, мал олонтой учир чамайг цэргээс чөлөөлж ирүүлээч гэсэн гачигдлын өргөдөл бичиг ээжээс тань ирүүлжээ. Чи яахаа өөрөө мэд гэв.
 
Тэгээд 1947 оны наймдугаар сард халагдаж, цэргийн албыг бараг зургаан жил хаагаад хөдөө гэртээ ирэв. Манайх Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын гуравдугаар баг. Үхэргүй, адуу, тэмээ, хонь ямаа 500 гаруй малтай айл байлаа. Ах өөд болж, эгч хадамд гарч, дүү хотод сургуульд явсан учир ээж минь ганцаар олон малтай байв.
 
Ингээд би айл гэр толгойлж малчин болов. Багийн ахлах ухуулагчаар давхар ажиллав. Нэгдэлжих хөдөлгөөн өрнөж, Хулд сумын “Талын цэцэг” нэгдэл байгуулагдахад манайх малаа бараг тоо бүртгэлийн дансаар нийлүүлэн нэгдэлд оров.
 
Би нэгдлийн адуучин болж байснаа малын санитар, бригадын тоо бүртгэгч, худалдааны агент, дэлгүүрийн худалдагч, барилгын сантехникч зэрэг аж ахуйн ажлыг сум-нэгдэл, аймгийн төвд 40 шахам жил хийж байгаад 1985 онд насны тэтгэвэрт гарав.
 
Үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлэв 
 
Хулд сумын III багийн харьяат Бадамын Цэлхаатай би 1951 онд гэрлэж өнөө болтол 65 жил амьдран сууж, жаргал зовлонгоо хуваалцаж ирлээ. Бид хоёр арван нэгэн хүүхэд төрүүлсний хамгийн бага нь 40, хамгийн том нь 60 нас гарч явна. Тэднийг өсгөж хүмүүжүүлэхээр халуун хүйтнийг умартаж, хайр энэрэл, хамаг байдгаа зориулж гарыг нь ганзаганд хүргэж, хөлийг нь дөрөөнд хүргэв.
 
Бидний хүүхдүүд ач зээ гээд улам олон болж, өсч өндийн өнөөгийн нийгэмтэй золголоо. Хөвгүүд минь цөм автомашины жолооч мэргэжилтэй. Охид маань багш, эмч, нягтлан бодох мэргэжилтэй. Харин харамсалтайгаар нэг охин, хоёр хүү минь том болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн. Миний журамт гэргий Б.Цэлхаа 1934 онд төрсөн.
 
Хулд сумын бага сургуулийн анхны сурагч; мөн сумын банкны салбарын анхны ажилтан, нягтлан бодох мэргэжилтэй. Сум-нэгдэлд малчин, хүүхдийн цэцэрлэгийн эрхлэгч, сум, аймагт банкны тооцооны ажил зэрэгт хориод жил ажилласан “Алдарт эх I, II одон, санхүү-банкны тэргүүний ажилтан, V, VI таван жилийн гавшгайч цол тэмдэг, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медалиар шагнуулсан хүн.
 
Миний шагнал урамшил
 
Эх орныхоо төлөө эр цэргийн албыг хааж, эсрэг дайсантай тулалдах ариун дайнд оролцож явсныг минь төр засаг өндөр үнэлж намайг “цэргийн гавьяа’’-ны одон, алтан гадас, “Японыг ялсны төлөө” медаль, БНМАУ-ын 25 жил, Ардын хувьсгалын 70, 80 жилийн ойн хүндэт медаль, Зэвсэгт хүчний 60 жилийн ойн медаль, “Дайчин нөхөрлөл” дурсгалын тэмдэг, “Японыг ялсны төлөө” ЗХУ-ын болон Жуковын медаль, мөн Дэлхийн
 
II дайны ялалтын 70 жилийн ойн зэрэг олон медаль тэмдгээр шагнуулсандаа би их баярлан бахархаж явдаг. Нас 90 гарсан ч нам, төрийнхөө үйлсэд үнэнч шударга зүтгэж явснаа хэзээ ч мартахгүй бөгөөд өнөөгийн төр нийгмийн бодлого шийдвэрийг дэмжин биелүүлэхээр үр хүүхэд, ач зээ, олон түмнээ үлгэрлэн дуудаж явдаг нэгэн.
 
1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон олон мянган ахмад дайчдаас тэнгэрт халиад өнөөдөр тун цөөхөн үлджээ. Эх орон, ард түмэн, эрх чөлөө, тусгаар тогтнолынхоо төлөө амь биеэ зориулан тэмцэж ирсэн амьд сэрүүн байгаа настан буурал дайчин нөхдөдөө ялалтын баярын 70 жилийн ойн мэнд хүргэж эрүүл энх, амьдралын сайн сайхныг хүсэн ерөөе гэж ахмад дайчин Гаажидын Мантай гуай дурсамж дурдатгалдаа өгүүлвэй.
 
Ахмад дайчин энэхүү намтар дурсамжийг эвлүүлэн сийрүүлж бичсэн ахмад сэтгүүлч Г.Баатарчулуун