sonin.mn
Бэлтгэл дэд хурандаа Р.Равдандорж гуайтай ярилцлаа. Чингисийн онгоныг хайх ажилд оролцож явсан талаар нь сонирхсон юм.
 
- Чингис хааны онгоныг эрж хайх Монгол-Японы хамтарсан хээрийн хайгуулын ангид та оролцсон гэл үү?
 
-Гурван гол төслийн дагуу явагдсан ажил. Хүмүүс сайн мэддэггүй юм. Нэлээн том экспедиц байсан шүү. Монгол, Японы 80 гаруй эрдэмтэн мэргэжилтнүүд оролцсон. Миний хариуцсан арын албаныхан гэхэд л машин техниктэйгээ нийлээд нэг салаа цэрэг л гэсэн үг. Би багаа бүрдүүлэх ажлаа амжуулах гэж нэг бүтэн сар нойр хоолгүй гүйсэн дээ. Армиас чөлөөнд гарсан нөхдөө сонгон авсан. Тэднийхээ хүчээр ажлаа амжуулсан.
 
-Хэний удирдлаганд явж байв? Та тэндээс л “Чингис” хоббитой болсон гэл үү?
 
-Монголын талаас угсаатны зүйн доктор профессор С.Бадамхатан багш удирдаж явсан. Тэр агуу их эрдэмтнээс л анх Чингис хаанаа лавтай мэдэж авсан. Алтны дэргэдэх гууль шарлана гэдэг үнэн шүү. Чингисээ гэх хоббитой болж улмаар хобби маань Чингис судлалд татан оруулж бүтээлээрээ үнэлэгдэж 1999 онд Чингис хааны дэлхийн академийн жинхэнэ гишүүн болж, 2002 онд Нүүдлийн соёл иргэншлийн академийн “Номч мэргэн" академич цол хүртэж байсан.
 
- Таныг хэдий их зүтгэл гаргасан ч япончуудын эрэл хайгуулыг ойшоодоггүй байсан гэж дуулсан?
 
-С.Бадамхатан багшаас эхлээд Монголчууд бид дургүй байсан нь үнэн. Японы талын эрдэмтэд их хааны онгоныг олбол Бурхан Халдун уул мөнх цэвдэгтэй учир ухаж төнхөлгүй газар дээр нь хамгаална гэдэг байлаа.
 
- Тэд яагаад их хааны онгоныг сонирхож байсан юм бол доо? Онгонд халдаж болдоггүй гэдэг. 1941 онд Доголон Төмөр хааны булшийг хөндөөд дэлхийн II дайн дэгдсэн гэж үздэг эрдэмтэд байдаг?
 
-Бид Япончуудаас сонирхож асуусан. Чингис хааны онгон Монголоос өөр нутагт байдаг гэдэг сурталчилгаанд няцаалт өгөх гэсэн юм гэж хариулдаг байсан.
 
- Чингис хааны онгоныг олчихоод нууцлаад орхичихсон гэсэн яриа нэлээд байдаг?
 
-Тийм юм байхгүй ээ. Харин нэг удаа олчихлоо гээд золтой л олон түмэнд зарлачихаагүй. Ерөнхийлөгчийн үзмэрч Д.Дашцэрэн Мөнгөнморьт сумын Тэрэлжийн дөрвөлжинд байгаа гэсэн юм билээ. Гэтэл тэр нь ердийн л нэг байгалийн тогтоц болохыг шинжилгээгээр тогтоож чадсан юм.
 
- Япончууд таныг “Монголын тагнуулч” гэж дуулаад их хүндэлдэг болсон гэл үү?
 
-Би чинь тэдэнд үйлчилж явсан энгийн л нэг өвгөн шүү дээ. Япончууд их хүндэлцгээдэг болсон нь илт мэдэгдэх болсон. Би хий л гайхаж байж билээ.
 
- Таныг чухам яагаад мэдэгдэхүйц хүндэлдэг болсон юм болоо?
 
-Хожим учир нь олдож инээдэм наргиан болж байсан. Японы гэрэл зургийн нэрт сурвалжлагч Ё.Эмото Улаанбаатар хотод албан ажил амжуулж яваад Улсын Иргэний хамгаалалтын газрын байранд байрладаг Улсын батлан хамгаалах төв нийгэмлэгийн дарга, Монгол Улсын баатар Ж.Гүррагчаатай уулзахаар орж яваад хоёр давхрын хананд байрлуулсан Иргэний хамгаалалтын газрын хүндэт самбарт тавигдсан зурагнууд дундаас миний энгийн хувцастай зургийг олж харчихаад орчуулагч бүсгүйд энэ Равдансангийн зураг байна гэж хэлжээ. 
 
Япон улсад цэргийн дүрэмт хувцас, мөрдэстэй хүмүүсийн дунд энгийн хувцастай хүн байвал тагнуулын газрын ажилтан гэж үздэг юмсанж. Тэгээд отогтоо буцаж ирээд Япончууддаа энэ Равдансан цэргийн тагнуулч байх гээд хэлчихсэнээс үүдсэн бололтой юм билээ.
 
- Таныг 1990 оноос хойш хэвлэлд гарсан Чингис хааны тухай бичвэрийг бичиглэхдээ 124 зузаан дэвтэр дүүргэж 900 гаруй үзгэн бал дуусгасан, үүний тулд 12 жил хөдөлмөрлөсөн гэж дуулсан?
 
-Тэр үнэн. Энэ бүтээлээ уншигч судлаачдад хүргэхийн тулд Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн номын сан хөмрөгт бүртгүүлсэн. Хөрөнгө мөнгөтэй сургууль ахин хянаж тохиолдуулаад ном болгоод хэвлүүлчихвэл өвгөн би баярлах л болно. Энэ бол Эзэн Чингисээ гэсэн хүн бүхний гарын авлага, ширээний ном болно. Ерөнхийлөгчийн зарлигаар “Монголын нууц товчоо”-г айл бүр хоймороо залах болсон. Миний бүтээл ном болчихвол хамт байж л байг. Чингис хааны нэрэмжит Их засаг их сургуулийн ректор, доктор профессор Н.Ням-Осор бол “Чингисээр цэнэглэгдсэн жинхэнэ монгол хүн”. Түүнийг хүндэлж явдаг.
 
- Бид түүхэн талаас нэлээд хөөрөлдлөө. Хувь хүн талаас цөөхөн зүйл сонирхъё. Таны хүсэл мөрөөдөл юу вэ?
 
-Хар багаасаа цэргийн амьдрал туулж явсан болохоор гэртээ тогтдоггүй, хөдөө хээр онгон байгаль, цэнгэг агаарт явж байх нь миний хүсэл мөрөөдөл юм даа. Тиймээс хаана л аялал, жуулчлал, экспедиц гэнэ тэнд л цалингүй ч гэсэн ажиллах хүсэлтэй байдаг. Монгол-Солонгосын эрдэмтдийн хамтарсан “Дорнот Монгол” төслийн хээрийн хайгуулын ангид аж ахуйн зохион байгуулагчаар ажиллаж явлаа. Би чинь сүүлийн үед арын албаны фронтын дайчин болж гаршаад байна.
 
- Та бүр тогооч болчихсон явсан гэсэн?
 
-Тиймээ. 1997 онд Төрийн шагналт зохиолч Б.Догмид кино найруулагч И.Нямгаваа нарын бүтээсэн “Догшин хутагтын сахиус” уран сайхны кино группэд тогоочоор явж байсан. Мөн Зүүн хүрээ-Дашчойлон хийдэд лам хуврагуудад манз цаваар үйлчилж буян үйлдэж явсан удаатай. Явж бүтээж л байвал миний хүн болсны гавъяа юм даа. 
 
Ер нь өргөн уудам нутагтай, арвин их баялагтай хоёр сая гаруйхан хүн амтай Монголоо аваад явчих түшээд ховордлоо гэж үү? Чингис хаан шиг “эзэн” Монгол Улсад үгүйлэгдэж байна. Тийм ч учраас Ерөнхийлөгч Н.Багабанди “Монголын нууц товчоо”-г айл бүрт залах зарлиг гаргасан нь алсын хараатай бодлого гэж би үнэлэн баярлаж, бахархан явдаг хүн дээ.
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин