sonin.mn
 “Чонон сүлд” романыг зохиосон БНХАУ-ын иргэн  Зян Руныг өчигдөр Дэлхийн Монголын зохиолчдын холбооныхон гэж өөрсдийгөө нэрлэсэн хэсэг зохиолч, орчуулагчид  дээд шагналаараа шагнажээ.  
 
Уг ажиллагааг голлон зохион байгуулагч нь Яруу найрагч Ц.Хулан бөгөөд ёслолын ажиллагаанд  Ардын Уран зохиолч Б.Бааст,  Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аким, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэнджав,  орчуулагч Д.Болдбаатар нар оролцсон юм.  
 
Шагналыг зохиолч Зян Рунынайз , “Чонон сүлд” зохиолын Ян Кегийн дүрийн бодит хүн болох  Чэнь Зи Цюнь хүрэлцэн ирж, авсан юм. Чэнь Зи Цюнийг Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны дэд сайд Я.Төмөрбаатар Монгол улсын  соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнан урамшуулсан аж. 
 
Энэ үеэр Соёлын Гавьяат зүтгэлтэн Г.Аким :  Зохиолч Зян Руныг би маш сайн мэднэ. Бид найзууд . "Чонон сүлд" зохиолыг гарсны дараа Хятадын зарим зохиолч Зян Рун руу  их дайрч давшилсан Учир нь Монголчууд чоно гэдэг амьтныг шүтэж, биширдэггүй, чи худлаа бичсэн, Монголын түүхийг гуйвуулсан гэх мэт нэлээд хэл ам хийсэн гэдэг.
 
Үүнийг сонссон кино найруулагч нь ч Монголын түүхийг гуйвуулсан энэ зохиолоор кино хийх нь зөв үү, буруу юу хэмээн эргэлзэж эхэлсэн. Энэ үед миний бичсэн “Тэнгэрцйн нохой” нэртэй номны англи хувилбарыг уншаад Зян Руны “Чонон сүлд” романаар кино хийж болох юм байна гэх сэтгэл түүнд  төрсөн юм билээ.
 
Чоно гэдэг амьтан өөрөө монголчуудыг өөртөө татаж, дээдлүүлэх тийм хийморьтой, увьдастай юм. Ер нь энэ бол чонын тухай зохиол биш. Чоно гэх амьтны далбаан дор нүүдлийн соёл иргэншлийг суурин соёл хавчиж, үгүй хийж байна гэсэн утгатай. Үүнийг манай зарим хүн ойлгохгүй эсэргүүцэн хүлээн авч байсан.
 
Хүмүүс юу гэх нь хамаагүй. Зян Рун зохиолч монголчуудыг өмөөрч бичсэнд би баярладаг. Зохиолч маань Хятадын эрх баригчдын  хараанд байдаг учир өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирж чадаагүй. Тэр ч бүү хэл хэвлэл мэдээллийнхэнтэй ч уулзаж чаддаггүй юм. Тиймээс энэ хүнийг Дэлхийн Монгол зохиолчдын холбооноос шагнан урамшуулж байгаад баяртай байна” гэв.
 
Харин уг шагналыг гардуулан өгч буй  яруу найрагч Ц.Хулан : 
 
“Хятадын нэрт зохиолч Зян Рун бол хятад хүн хэрнээ монгол байгаль, монголчуудыг хайрлах тийм сайхан бүтээл бичсэн юм. Энэ нь 32 орны хэлээр орчуулагдаж, 70-аад оронд ном, кино болон түгэн дэлгэрч байгаа. Тиймээс холбооныхоо дээд шагнал болох “Бичгийн мэргэн” шагналаа гардуулан өгч байна.
 
Тодорхой шалтгааны улмаас өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй ч бидний энэ шагналд хүндэтгэлтэй хандаж бичиг ирүүлээд зогсохгүй "Хөх мөрөн" хэвлэлийн редактор буюу Хятадын нөлөө бүхий томоохон хэвлэлийн байгууллагын захирал өөрийн биеэр хүрэлцэн ирсэнд баяртай байна” хэмээсэн юм.
 
П.Энхмандах