sonin.mn
ШИНЭ-ДЕЛИ. /Reuters/. Энэтхэгт ширүүн бороо орсны улмаас үер болсноор 200 гаруй хүн амь эрсэджээ. Мөн үер хэдэн сая хүний аж амьдралд сөргөөр нөлөөлж байна.  Тус улсад борооны улирал эхлээд байгаа юм. Өнгөрсөн сарын сүүлээр тус улсын Баруун Бенгал болон Манипур мужийг хар салхи дайрсны улмаас үер болон хөрсний гулсалт үүссэн билээ.
 
Тус улсын баруун нутгийн Гужарат болон Ражастан мужид ширүүн бороо хоёр долоо хоног орсны улмаас гол эргээсээ хальжээ. Гамшгаас урьдчилан сэргийлэх албаны хүмүүсийн хэлснээр, тус улсын цэргүүд болон аврах багийнхан аврах ажиллагаа өрнүүлж эхэлсэн байна.
 
Тэдний хэлснээр, үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж болзошгүй. Үерийн улмаас зам талбай болон харилцаа холбооны шугам сүлжээ эвдэрч гэмтжээ. Одоогоор, хэр их хэмжээний хохирол учирсныг хэлэх боломжгүй байна гэж албаны хүмүүс хэллээ. Жил бүр борооны улирлын үеэр Энэтхэгт асар их хэмжээний хохирол учирдаг юм.
 
Мөн тус улсын хөрш Пакистанд үерийн улмаас өчигдрийн байдлаар 118 хүн амь эрсэджээ. Үер тус улсын 800 мянга орчим хүний аж амьдралд сөргөөр нөлөөлсөн байна. Олон айл орон гэргүй болжээ.
 
Г.Доржханд
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг