sonin.mn
Утгын сайхан: Хүмүүн төрлийг ологч дотроос монголчууд баярлаж жаргахыг эрхэм зан үйл болгож гэр бүл, тэнгэр бурхан, байгаль уул ус, мал хэмээх эрдэнэсийн сав ертөнц, эрхлэж байгаа хөдөлмөр, улс нийтийн зэрэг олон баяр ёс заншилтай үндэстэн билээ. Хүмүүн бид баяр хөөр хийморь золбоотой байж л дээд оюун бурхан тэнгэрийн таалал соёрхолд багтаж байна гэсэн үг. Баяр наадам бол монголчуудын хурд, хүч, цэцэн мэргэний том сорил бас мэдээлэл солилцох, огторгуйд цацах цугларал буй за.
 
Энэ нь хүн байгаль, тэнгэр бурхадын нандин шүтэлцээг өдөөх зан үйл, сайн сайхны билэгдэл бололтой. Амьтдын янз бүрийн цугларал болдог, байгаль эх тайван сайхан байдаг нь сонин шүү. Монгол хүмүүн маш эрт балар үеэс хөх тэнгэрээ шүтэхүйн ухааныг бий болгон нар сар, одод ертөнц нутаг нутгийн уул овоо усандаа тайлга тахилга үйлдэж, өглөө бүр, үдэш бүр залбирал идээ будааны дээж өргөн ерөөл магтаал хүслээ илэрхийлсэнээр сэтгэлийн ариун тайвшрал, амар энхийг хүртдэг.
 
Хаан төрийн долоон эрдэнэ шүтээн, хүннү гүрний 2226 жилийн ой ч бий. Эзэн богд Чингис хааныхаа төрсөн өдөр, Их Монгол Улс 1206 онд байгуулагдсан, 1911 оны ҮЭЧХ-ийн түүхэн бодит үйл явдаууд бас зохиомол “ардын хувьсгал” “элдэв ойнууд”, ардчиллын амлалт ихтэй жилүүд цөм нэгэн үзүүрт нийлэн бидний заяаг түшилцэнэ.
 
Жил бүрт өвөл хавар гэж байгалийн их сорил туулсан ард олон магнай тэнийж баяр хөөрөөр бялхан монгол их нутаг, хөх тэнгэр тум буман өнгө аяс төгс баялаг амьдрал зохицлон байхуй дор улс үндэснийхээ баяр наадмыг зуны дэлгэр цагт түмэн олноороо баярлан наадаж байгаа нь сайхаан, сайхан. Энэ бол ямар нэгэн ой биш өвөг дээдсээс сонгосон Монгол Улсын Үндэсний их баяр наадам учраас богино настай угтвар залгах нь илүүц.
 
Хурмаст тэнгэрийн хур бороо, хөрст газрын үр шим дэлгэрсэн байгаль орчны сайханд түмэн олон бүх нийтээр өргөн зугаалга хийн хоол хүнс, үзэж сонирхох зүйл элбэг тал нутгийн монгол тавиун сайхан баяр хөөр болдог. Байгаль хүмүүн хоёр нэгдэн нийлэхүйд ертөнцийн хамаг сайхан цогцлон бурхан тэнгэрээ баясуулах буй за. Дээд оюунт “хөх тэнгэр” энийг л хүсдэг. Олон баяр хийн оногдсон ажил зорилгоо мартагнах хөнгөн хийсвэр хөөрцөглөх зан үйлийг таалах ёсгүй.
 
Монгол орон нэлэнхүй номин өнгөт хивсээ дэвсч түмэн янзын цэцэгс бүжин тал хээр говь хөндийгөөр сая живаа мал сүрэг бэлчсэн хүн зоны сэтгэл тэнийсэн ёстой шамбалын орон диваажин болж хувирдаг. Хүмүүн олны сэтгэл сэргэсэн энэ нутаг руу шинэ зууны сониуч, оюунлаг хун зоны цуваа хөврөх нь тэр. Тэд эндээс хүн гэдэг амьтан энэ нутагт өсч өндийн эх байгальд ойртон дасан зохицох ёстойг мэдрэх буй за. Хүн төрөлхтөнд тустай бүх юм монгол нутагт бий ажгуу.
 
Эрийн гурван наадам.
Монгол-овог аймгууд хүннү гүрнээс өмнө эрчүүдийнхээ авхаалж самбаа эрэмгий зориг эрч хүчийг сорьж бөх барилдах, нум сум харвах тэмцээн явуулахын хамт хурдан морины уралдаан хийдэг байжээ. Овог аймгийн тэргүүн, хаан, хан ван гүн ноёдын суудал эзэлсэн буюу цагаан сар, зуны цагт даншиг хэлбэрийн наадам зохиодог байв.
 
Энэ эрийн гурван наадам бүх нийтийн анхаарлын төвд байж үр хүүхдээ багаас нь бэлтгэх, адуун сүргээ сайжруулан шандас хурдыг нэмэхэд том ахиц болдог. Бөх болох олон шинж тодорсон эрчүүд, хөвүүн нар (настан, эхнэр хүүхэд хуран цуглана) зодог шуудаг, жанжин малгай өмч хангарьдын гараа, дэвэлт ханхар эрийн шаваа хийн бул чулуу, торх торхоор айраг ус зөөх, хоёр гар өвдөг, нуруун дээрээ хүндийг өргөх гүйж харайх шалмаг хөдөлгөөн, уран мэх овсгоо арга ухааны дасгал хийхээс гадна өдөр тутмын мал услах, морь уургалах, эмнэг сургах зэргээр ажил төрлөө зохицуулдаг.
 
Бөхийн малгай эртний баатар эрийн дуулга халбэртэй, зодог шуудаг нь барьц болохын сацуу бие бялдрын гоо сайхныг илтгэж бат бэх, хөнгөн гоёмсог өмсгөл юм. Гутал суурь сайтай хөлийн мэх хийхэд тохиромжтой байна. Монгол бөх эрт үеэс жигүүрт хүчтэнийг төлөөлж байдгаас дуугарч ярихгүй дэвэлтийг бага, дунд хангал буюу харцага, шонхрын дөрөвд үлдэхээс эхлээд хангарьдын дэвэлтээр дэвэх учиртай. Бөх гармагцаа гуян дээрээ гурав алгадаад засуулдаа очдог нь “хүчээ үзье” гэсэн утгатай, гурвын тоо бол хүчийг илэрхийлнэ.
 
Барилдах газраа хүрээд гуяныхаа урд, хойд талд нэг нэг алгаддаг нь эв эетэй тэгш байх хоёрын тоогоор бэлгэддэг. Давсан бөх дэвэн гурвантай ёслоод унасан бөх дээр ирж золгон тахим авах буюу тоос буулгах ёс үйлдэж дараа та давна, эвтэй байя гэсэн санаа илэрхийлнэ. Энэ нь тогтсон ёс жаяг, уран сайхны үзүүлэлт мөн. Монголд зургаан мянган бөхийн барилдаан болж гинессийн дээд амжилт тогтоосон юм.
 
Сур харвах 
Монголчуудын сур харвалт нь балар эрт үеэс ан амьтан авлаж хоол хүнсээ олох явцад бий болгосон модон зэмсгээс үүдэлтэй. Ер нь хүн төрөлхтөн модон зэмсгийн үе туулсныг судлаачид яагаад бичдэггүй юм бол? Ичээд тэр дээ. Модон жад бол сайн зэвсэг байсан даа. Эсгий туургатны нүүдлийн соёл иргэншил модыг шүтэж модоор гэр тэргээс аваад аяга халбага ор дэр хүртэл угсарч, оньсолж, үдэж маш олон зүйл хийж амьдрал ахуйдаа хэрэглэж иржээ.
 
Монголын өвөг дээдэс Бурхан Халдун, Гурван голын сав газраар хорогдон нутаглаж байсны шалтгаан бол энэ нутгийн ус ургамал агаар тэнгэр ан амьтны гойд зохистойн дээр сайн чанартай мод хуш бургас анхаарал татдаг. Нум сумны гол материал нь хуш, бургас байжээ. Анхандаа нум сумыг модоор хийдэг байж, мод буюу уян харимхай зүйлээр нум хийж сумыг хурц үзүүртэй мод зэвийг яс чулуу, төмрөөр, тэнцвэрийг өдөөр хийж хөвчинд байрлуулан хөвчийн эвшээнгээ татаад тавихад сум урагшаа харвана.
 
Монгол хөвгүүн нойтон бургасын үзүүрт дүүгүүр уяад тоглож байгаад олсон гэдэг. Энэ тоглоом салбарлан хөгжиж олон эзэнт гүрнийг бий болгон бүх галт зэвсгийн угтал байсан юм. Спорт уралдааны чиглэлээр нум сум харвах нь монгол эрийн гурван наадмын нэг төрөл болж аль болох хол зайд харван бай шавийг мэргэн оноход чиглэсэн тэмцээн болсон.
 
Оролцогчдын тоо харгалзахгүй эрэгтэй эмэгтэй тамирчид явганаас харвах уухайлах ёс байдаг. Морины эрч хурдаар давхих зуур харвах, бас далд бай харвах уралдаан бий. Монгол нум нь хүүхдийн хавчаахай нум, шувуу агнах бөмбөг нумнаас эхлэн зориулалт хийцээр ялгаа бүхий тавхай нум, занга нум, агсум нум, онист нум, сум нь: агжим, анга, ацат дуут, хоосор, хангай, араат хошуумол, сам, элээт зэрэг олон янз байжээ.
 
Чингис хааны хавт Хасар их тэлж харваад 500 алд, их тайлж харваад 335 алд харвадаг баатрууд олон байжээ. Кавказад монголчуудыг “харваач улс” хэмээн нэрийдсэн байдаг. Монгол нумтай дүйх хол тусгалтай, цэц сайн хурц нумтай улс аймаг тэр үед алга байв.
 
Хурдан морины уралдаан бол монгол хүний дээдэлж үздэг наадам мөн. Хурдан морь хамар сартгар, цээж арслан мэт ханхар, зоо толигор, сүвээ цүдгэр, ууц бөхтөр, харц бүргэд, туурай цомбон зэрэг арван шинж агуулж сайн арчилж байх, эзэн хүн ерийн цагт унаж, хааяа сайн давхин цуцааж биеийн нь чилээ, хөлсийг гаргахдаа намаг, хад чулуутай газраас болгоомжлох, богино сумтай чөдөр, өрөөлдөхгүй хэт турааж таргалуулахгүй, хөл өвдгийг нь дааруулахгүй байх.
 
Хурдан морины уралдаанд олон хоногийн өмнөөс өдөр бүр давхиулан хөлслөх, хоол ундыг тохируулан сойж, азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага гэж зургаан насаар ангилан бүртгэж морь гарах цагт жороо буюу хатирч бүрэн зүсмийн морьтой хүн манлайлан туг барьж наадмын талбайг гурав тойрох үед “түмэн эх ” эгшиглэн хүүхдийн “гийн-гоо” уртаар аялах ба цангинатал сайхан гийн-гоолдог хүүхдийг наадамчид хошууран дагаж уяран биширч байдаг төдийгүй унасан морь нь сунайх, газар цавчлах амсыг харах хөдөлгөөнд ордог. Гийн-гоо нь нарны бурхан Осор хурдан морь хөлөглөн морь хүүхэд хоёр амар амгалан өлзийтэй байхыг бэлэгдсэн уриа уралдах морио баясган магтан дуулсан аялгуу юм.
 
Эрт урьд цагт Гийн гэдэг ядуу хүү хааны наадамд оролцохоор Гоо гэдэг даагаа уралдуулахаар ирсэнд хаад баячууд ядуу хүүг гадуурхаж наадамд оролцуулахгүй гэжээ.  Тэгэхэд нь Гийн хүү “Гийнгоо” гэж яруу сайхнаар уянгалуулан аялсанд баячууд уярч хүүг наадамдаа оролцуулах болсон гэдэг монгол домог бий. Хурдан морьдын уралдаан гараа хүртэл 20 гаруй км ергөж цогиулан эргэх газраа хүрч тусгай дохиогоор эргэж их хурдаар дээрх зайг туулан хурдалсаар нийтдээ 40 гаруй км хол газар шандас хүчээ шавхан барианд орж ирэхүйеэ монгол морь эзэндээ ямар үнэн буйг ямар их хүч чадал буйг хараад баярлан бахархана.
 
Ой гурван сартай дааг арван хэдэн км газар давхиад ирэхэд өрөвдөх хайрлах сэтгэл оргилон хайрын нулимс гарах буй за. Хийморийн салхин адуу гэгддэг соёолон морины тоос хүртэх гэсэн олны тэмүүлэл ч утга учиртай. Монгол адуу ёстой л бурхадын хөлөг гэлтээ.
 
Армаг сайхан бие арслан хүчит цээжтэй, ширэм дөрвөн туурай, шөрмөс олон булчинтай, түмэн сүргийн манлай төр олноо баясгагч хэмээн магтмаар түм түмээр тоологдох тэртээ он жилээс салаа туурайт тэр сонин амьтанг монгол өвөг дээдэс эзнээ үүрээд алс хол явж чаддаг гайхамшигт адуу болгоод тив дэлхийд түгээн дэлгэрүүлсэн билээ.
 
Эв модны наадмыг 1774 оноос “монгол, орос хилийн харуулууд хоёр орны хил хязгаар тайван найрамдал орштугай”гэж хоёр талд нь орос монголоор бичсэн эв модоо нийлүүлэн нутгийн иргэдтэй хамт ээлжлэн хийж уг модны хоёр талыг монгол занги, орос захирал нар хадгалдаг байжээ.
 
Монгол үндэсний их баяр наадам түүхээ бүтээгч ард түмэнд маань эр зориг, эрдэм ухаан, эш сайн бүхнийг хайрлаг! Монголын их тал нутагт хөх тэнгэр хөх толбот хөрст дэлхий энэ аугаа их гурван ертөнцийн хүйн холбоо мөнхөд бат оршиг! Энэ нь будда бурханы үнэний эрэлд нийцдэг ажээ. Байгаль эхдээ ойр байх сайн үйлс дэлгэрэх болтугай.
 
Би үүнээс хожим улс ардаа Хөх Монгол нэр авч явахыг хүсье
                                                                                                     Чингис хаан
ЧХДА-ийн жинхэнэ гишүүн, Судлаач Н.Баатар