sonin.mn
БСШУЯ-наас Монгол Улсын нэрийг дэлхийд сурталчилж, дэлхийн урлагийн олимпод манлайлж буй шилдэг уран бүтээлчид болох МУГЖ Э.Амартүвшин, Г.Ариунбаатар нарын гавьяа, хөдөлмөр, зүтгэлийг үнэлэн “Хөдөлмөрийн баатар” цолд тодорхойлсон албан бичгийг өчигдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүргүүлжээ.
 
Дуучин Э.Амартүвшин нь 2011 онд ОХУ-д зохиогдсон П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанд хоёрдугаар байр, 2011 онд Испани улсад зохиогдсон Франческа Виниасын нэрэмжилт олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр, 2012 онд БНХАУ-д зохиогдсон Плачидо Доминогийн “Operalla” дэлхийн дуурийн уралдааны тэргүүн байрыг тус тус эзэлж байсан, мэргэжлийн өндөр төвшний, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дуучин юм. Мөн тэрээр 2014-2015 онд Английн BBC агентлагаас зохион байгуулсан “Cardiff Singer of the World” уралдааны үзэгчдийн нэрэмжит шагналыг тус тус хүртсэн юм.
 
Харин дуучин Г.Ариунбаатар саяхан ОХУ-д зохион байгуулагдсан Суут хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдааны тэргүүн байр болон Гран при шагналын эзнээр тодорсон юм.
 
 Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг