sonin.mn
ОХУ-ын Москва, Санкт-Петербург хотод хагас сар үргэлжилсэн П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын хөгжмийн XV наадмаас манай залуу дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар наадмын шилдэг дуучнаар тодорлоо. 
 
Москвагийн хөгжмийн сургуулийн их танхимд төгөлдөр хуур, виолончель, хийл хөгжим болон дуурийн дуулаачдын олон улсын наадмын шагналтнуудыг тодруулжээ. Манай улсаас уг наадмын дуурийн дуулаачдын  /эрэгтэй/ номинацид 5 залуу дуучин оролцсоны дотор Б.Батжаргал, Ч.Энхтайван, Ч.Бадрал, Г.Ариунбаатар, О.Хүрэлбаатар нар байв.
 
Өчигдөр орой уралдааны дүн гарч, шүүгчид  Монголын манай залуу дуучин Г.Ариунбаатар наадмын шилдэг дуучны шагналд тодорсныг танилцуулсан юм.
 
Г.Ариунбаатар СУИС-ийг дүүргэсэн бөгөөд 2011 онд Москвад болсон М.И.Глинкийн нэрэмжит  олон улсын гоцлол дуучдын  уралдааны тэргүүн шагнал болон Павел Лисицины нэрэмжит тусгай шагналыг тус тус хүртэж байжээ.  
 
Мөн 2012 онд Монгол улсын шилдэг дуучны тусгай шагналыг хүртэж байв.  Түүнчлэн 2014 онд Москвад болсон Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн  дуулаачдын  уралдааны тэргүүн шагналыг хүртсэн юм. Сүүлийн нэг жил  тэрээр Улаан-Үүд хотноо Буриадын  Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа  уран бүтээлээ туурвиж буй юм.
 
27 настай хосгүй  дуучин тэрээр наадмын  сүүлийн шатны тэмцээнд П.И. Чайковскийн “Гилхарын хатан”дуурийн арийг дуулж оролцжээ.
 
Чайковскийн нэрэмжит XV хөгжмийн наадам уламжлал ёсоор оролцогчдын Гала тоглолтоор өндөрлөх юм. Тоглолт энэ сарын 2-нд  Москвагийн хөгжмийн дээд сургуулийн их танхим, энэ сарын 3-нд Санкт-Петербург хотноо болох бөгөөд Марийны их театрын Симфони найрал хөгжмийг нэрт удирдаач Валерий Гергиев удирдана. Энэ үеэр Гран при шагналыг гардуулах юм. Хоёр хотод болох Гала тоглолтын тасалбар  6500-17000 рублийн үнэтэй байна.
 
 
Москва хот. А.Огторгуймаа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг