sonin.mn
"Энэ мэргэжлийг огт мэддэггүй байлаа. Эгч маань л надад хэлсэн юм" гэж 17 настай Хадаагийн Лхагвасүрэн мэргэжлээ анх хэрхэн сонгосон талаараа ярьлаа. Харин одоо тэр  мэргэжлийн ур чадварын олон улсын хамгийн том уралдаан "Дэлхийн ур чадвар" тэмцээнд токарийн төрөлд оролцохоор бэлтгэж байна.  
 
"Дэлхийн ур чадвар" тэмцээнд оролцох монголын бусад 5 оролцогчдын хамтаар Х. Лхагва Монгол улсын Хөдөлмөрийн яам, "Солонгосын олон улсын хамтын ажиллагааны агентлаг" (KOICA), "Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг" (GIZ)-ийн дэмжлэгтэйгээр Солонгос улсад 5 сарын сүүлээс 6 сарын дунд хүртэл 2 долоо хоногийн бэлтгэл хийсэн юм. 
 
"Солонгосын оролцогч нар бидэнтэй бэлтгэл хийсэн. Тэд бид нарт их тусалж байсан. Би тэд нараас олон шинэлэг зүйлийг сурсан" хэмээн Х. Лхагва Cолонгосд төрсөн сэтгэгдлээсээ хуваалцсан юм. Дэлхийн мэргэжлийн ур чадварын тэмцээний токарийн төрөлд Япон, Хятад, Тайвань, Солонгос, Тайланд зэрэг улсууд хамгийн хүчтэй өрсөлдөгчдийн тоонд багтдаг уламжлалтай. 
 
Энэхүү жагсаалтанд Монгол орныг оруулахын тулд Бразилд хамгийн багадаа эхний тавд шалгарах нь Х. Лхагвагийн одоо хамгийн том зорилго нь болжээ. "Бразилд ширүүн өрсөлдөөн, хэцүү даалгавууд хүлээж байгаа гэдгийг би мэднэ" хэмээн тэр бас өгүүлсэн юм.
 
"WorldSkills" буюу "Дэлхийн ур чадвар" арга хэмжээ нь мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын хамгийн том тэмцээн юм. Тус салбарынхны хувьд энэ нь мэргэжлийн ур чадвараараа олон улсын түвшинд өрсөлдөх хамгийн том боломж байдаг.  
 
2015 оны 8 сарын 11-нээс 16-ны хооронд Бразилийн Сан Пауло хотод зохиогдох 43 дахь удаагийн "Дэлхийн ур чадвар" тэмцээнд 60 гаруй орны 1200 орчим оролцогч мэргэжлийн 50 төрлөөр өрсөлдөнө. Монгол улс энэ жил анх удаа цахилгаан, гагнуур, токарь, тогооч, өрөг угсралт, үсчин, хавтанцар наах, гоо засал, мужаан гэсэн мэргэжлийн 9 төрлөөр оролцохоор бэлтгэж байна. 
 
Манай орон 2014 онд "WorldSkills International" холбооны 69 дэх гишүүн болсоноор "Дэлхийн ур чадвар"  тэмцээнд оролцох эрхийг авч "Монгол ур чадвар 2014" улсын уралдааныг зохион явуулж дэлхийн энэ нэр хүндтэй тэмцээнд орох монголын багийг шалгаруулсан юм. Монголын багийн бэлтгэлийг хангахад Монгол улсын Хөдөлмөрийн яам, GIZ, KOICA хамтран ажиллаж байна.