sonin.mn

 

Тамхи татах нь эрт хөгшрүүлдэггүй гэсэн инээдэмтэй гэмээр ташаа ойлголт тамхи татдаг хүүхнүүдийн дунд байдаг. Энэ бол тамхи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг нэмэгдүүлэхийн тулд хүмүүсийн сэтгэхүйд суулгасан ээлжит худал “мэссэж”. Харамсалтай нь тамхичид тамхинаас татгалзахын оронд иймэрхүү гэнэн үлгэрт итгэхийг урьтал болгодог. Гэвч тамхи татдаг эмэгтэйчүүдийн арьс татдаггүй хүмүүсийнхээс эрт, илүү түргэн үрчлээтдэг гэдгийг шинжпэх ухаан аль хэдийн нотолсон. Учир нь тамхи татаж байх үед нь нарийн хялгасан судаснуудад нь агшилт үүсдэг. Эмч нар нүрний арьс илүү түргэн хөгширдөг болохоор тамхинаас түргэн гар хэмээн зөвлөдөг. “Идэвхигүй тамхидалт” ч мөн дутахгүй хор хөнөөлтэй. Гэр орныхон юмуу хамт ажилладаг хүмүүс нь тамхи татдаг бол хүүхнүүдийн арьс хоёр дахин түргэн хөгширч, эрүүл харагдахаа байж, цонхийн сааралдуу туяатай болдог хэмээн эмч нар баталж байна. Нүүрний төрх байдал шөвийнө. “Никотины царай төрх” гэдэг нэр томьёо хүртэл гарч ирсэн байдаг. Тийм болохоор тамхичдаас холхон байсан нь дээр.

Тамхи татаад байх юм бол эмэгтэй хүн өөрийнхөөсөө гадна нөхөр, хүүхдийнхээ эрүүл мэндэд ч хор хөнөөл учруулна. Тамхины утаа эмэгтэйчүүдийн гоо сайхныг гундаахаас гадна дааврын (гормоны) эмзэг тогтолцоог ч хордуулна. Үүгээрээ эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол илүү эмзэг. Тамхи татдаг эмэгтэйчүүд эрүүл хүүхэд төрүүлэхэд илүү хэцүү байдаг шүү дээ. Тамхи татдаг хүүхнүүдийн хүүхэд 3 дахин их зулбаж, 6 дахин их дутуу төрж, 9 дахин их үргүй байдаг. Гэхдээ 50 гарсан хойноо тамхинаас гарсан ч амьдралаа илүү 3-4 насаар уртасгаж болно. Ингээд л дүгнэлт хийгээд үзэгтүн.

Никотины хоронд бамбай булчирхай их эмзэг. Энэ бол “залуу насны дааврыг” хариуцдаг эрхтэн. Статистикаас харахад тамхичин эмэгтэйчүүд тамхи татдаггүй эмэгтэйчүүдээс 6 дахин их бамбай булчирхайн тэжээлийн дутагдалтай байдаг. Зүрхний эмч нар ч мөн тамхи татдаг хүмүүсийн судас их тааруу байдаг хэмээн харанга дэлдэж байна. Олон жил тамхи татсан хүмүүсийн судас уян хатан байдлаа алдаж, яс шиг хатуу болдог. Судсан доторх зай завсар нарийсана. Тамхины бохинд бараг битүүрсэн, уян хатан байдлаа алдсан судас тань дээшээгээ тархи, зүрх рүү цусаа хичнээн түлхэж чадах тухай бодоод үз дээ.

Тийм ээ, олон хүнд тамхинаас гарах хэцүү байдаг. Гэхдээ эмч нар тамхинаас гарахад 3-хан л хэцүү үе байдаг хэмээн баталж байна.

- Гурав дахь өдөр никотин хамгийн их үгүйлэгддэг

- Гурав дахь долоо хоногт хүн сонор сэрэмжээ хамгийн их алддаг

- Гурван сарын дараа тамхинаас бүрэн гарсан мэт санагдах болсон үе. Гэвч үнэндээ тийм биш.

Тамхи татах хүсэл таныг удаан дагах болно. Гэхдээ 3 сарыг тэсээд давчих юм бол эргэж орох эрсдэл арай багасдаг. Энэ үед харин гэнэ алдах явдал элбэг тохиолдоно. Төсөөлөөд үз дээ, та өөртөө дайснаа дарсан дархан цолтон мэт санагдана. Та өөрөө өөрийгөө захирч чаддаг гэж итгээд хаяа нэг татахад гэмгүй мэт санагдан ганц нэг татах гэж үзнэ. Гэвч энэ бол үлгэрийн далай. Тамхичид хорхойгоо дарах ганцхан тамхи л татчих юм бол болоод баймаар санагдан дахин урхинд орчихдог.

Өөрийнхөө эрүүл мэнд, гэр бүлийнхээ амгалан байдлын төлөө өөрийгөө даваж гарах хэрэгтэй. Тамхи татчих юмсан гэсэн их хүсэл гэнэт үүсээд, гурав дөрөвхөн минут л үргэлжилдэг. Энэ нь аяга кофе, ганц хундага архи, тамхи татдаг хүмүүсийн дунд орох, ядрах, хүнд асуудалд орох зэргээс үүснэ. Гэхдээ энэ хэдэн минутыг л даваад гарчих сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Ийм үед гарч шүдээ угаасан нь дээр байдаг. Тийм боломж байхгүй бол цонхоо онгойлгоод, гүнзгий амьсгаа аваад дотроо “Би тамхинаас гарчихсан шүү дээ” хэмээн давтаж хэлээд үз. Баярын ширээний ард сууж байгаа бол угаалгын өрөө рүү ороод, гараа хүйтэн усаар угаагаарай. Бас стакан хүйтэн ус шимж уух юмуу алим, лууван идэх арга байна.

Хэрэв танд тамхинаас гарснаас үхсэн нь хялбар санагддаг бол ядахнаан хэдэн дүрэм баримталж байгтун.

- Өлөн элгэндээ хэзээ ч тамхи бүү татаж бай.

- Тамхийг хэзээ ч кофе, архиар бүү “даруулж” байгтун. Ийм тохиолдолд никотин цусанд бүрэн хэмжээгээр шингэдэг.

- Янжуур шүүлтүүртэй байсан ч гүйцтэл нь бүү татаж бай. Тэнд их хэмжээний никотин, бохь хуримтлагдана. Тэдгээр нь хорт хавдар үүсэх их эрсдэл үүсгэдэг.

- Тамхийг бухимдаж, түргэн түргэн татаж болохгүй. Ийм байдлаар татсан тамхины утаанд их хэмжээний хорт бодисууд агуулагддаг.

- Хэвтээгээрээ, ялангуяа унтахынхаа өмнө тамхи татах хэрэггүй. Утаа уушги, гуурсан хоолойнд үлддэг. Сайн унтахын тулд зөгийн балтай стакан хөөрүүлсэн сүү уух юмуу бага зэрэг чихэрлэг зүйл, дараа нь алим идэх, нь дээр.

- Агааржуулдаггүй, хаалттай тасалгаанд бүү тамхилж байгтун. Ийм тохиолдолд та өөрөө утаагаар амьсгалахаас гадна ойр дотныхоо хүмүүсийг ч амьсгаатуулан идэвхигүй тамхи татуулна.

- Хавар, намрын улиралд ханиад амархан хүмүүсийн сонорт хүргэх мэдээ байна. Тамхи татахад бие махбодь С аминдэмээ алдаж байдаг. Ганцхан янжуур татсан байсан ч (та идэвхгүй татагч байсан ч гэсэн) таны бие С аминдэмээ алддаг. Энэхүү аминдэм дутагдсанаас биеийн эсэргүйцэл буурна.

Тийм болохоор тамхилахаасаа өмнө ингэх хэрэг байна уу үгүй юу хэмээн бодож байгтун.

Эх сурвалж: "Анагаах арга билиг"