sonin.mn
ЦЮРИХ. /ITAR-TASS/. Олон улсын хөлбөмбөгийн холбооны /ФИФА/ ерөнхийлөгчийн сонгууль Швейцарийн Цюрих хотод болж буй тус холбооны 65 дахь удаагийн их хурлын үеэр өнөөдөр болно. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хаших ФИФА-гийн тэргүүний албан тушаалд тус холбооны одоогийн ерөнхийлөгч болох Швейцарийн иргэн Йозеф Блаттер, Иорданы хунтайж Али бин Аль-Хусейн нар өрсөлдөж байгаа юм.
79 настай Блаттер ФИФА-г 1998 оноос хойш удирдаж байгаа бөгөөд дахин тав дахь удаагаа сонгогдож магадгүй байна. Тэрбээр удахгүй болох санал хураалтад хамгийн олон санал авах магадлалтайд тооцогдож байгаа юм. 39 настай Аль-Хусейн Иорданы Хөлбөмбөгийн холбоог тэргүүлдэг бөгөөд ФИФА-гийн дэд ерөнхийлөгч билээ.  ФИФА-гийн ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албыг хашиж байсан Францын иргэн Жером Шампань урьд нь сонгуульд өрсөлдөх хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн боловч үндэсний холбоодын дэмжлэгийг авч чадаагүй байна. Харин Португалийн алдарт хөлбөмбөгчин Луиш Фигу, Нидерландын Хөлбөмбөгийн холбооны тэргүүн Михаэль ван Праг нар Аль-Хусейныг дэмжиж буйгаа мэдэгдэн нэрээ татжээ.
 
ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд тус холбооны бүрэлдэхүүнд ордог 209 үндэсний холбооны төлөөлөгчид бүгд оролцоно. Европын хөлбөмбөгийн холбооны /УЕФА/ тэргүүн Мишель Платини зэрэг тивийн холбоодын ерөнхийлөгч нар санал өгөх эрхгүй ажээ.
 
Дүрмийн дагуу ФИФА-гийн ерөнхийлөгчийг тус холбооны дээд удирдах байгууллага болох их хурлын үеэр нууц санал хураалтын дүнгээс дөрвөн жилийн хугацаатай сонгодог. Эхний шатанд ялахын тулд нийт саналын гуравны хоёрыг авах ёстой. Дараагийн шатанд ялагч олонхын саналаар тодорно, хэрэв саналын тоо тэнцсэн тохиолдолд дахин санал хураалт явуулна. Харин нэр дэвшигчдийн аль нэг нь сонгуулийн өмнө нэрээ татсан тохиолдолд өрсөлдөгч нь 50-аас дээш хувийн санал авсан тохиолдолд сонгогддог байна.
 
Сонгуульд ялагч ФИФА-гийн их хурал дуусмагц үүрэгт ажилдаа орно.
 
Энэ удаагийн сонгуульд тус байгууллагатай холбогдох авлигын хэргийн мөрдөн шалгалттай холбоотой үйл явдал нөлөөлж магадгүй байна. АНУ-ын хүсэлтээр ФИФА-гийн өндөр албан тушаалын хэд хэдэн хүнийг лхагва гараг Цюрихт баривчилсан билээ. Сонгуулийг хойшлуулж, эсвэл түүнд оролцохоос татгалзахыг уриалсан хэдий ч Блаттер сонгуульд ялах гол өрсөлдөгч хэвээр байна.
 
ФИФА-гийн одоогийн тэргүүнийг Ази, Африк болон Америкийн холбоодын дийлэнх нь, мөн ОХУ-ын Хөлбөмбөгийн холбоо дэмжиж байна. Энэ тухай тус холбооны ерөнхийлөгч Николай Толстых мэдээлжээ.
 
Харин УЕФА-гийн тэргүүний мэдэгдсэнээр, Европын 45-46 холбоо Аль-Хусейнийг дэмжих магадлалтай.
 
Йозеф Блаттер бол ФИФА-г 1904 онд үүсэн байгуулагдсанаас хойших хугацаан дахь тус байгууллагын найм дахь ерөнхийлөгч юм.
 
Д.Жаргал
 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг