sonin.mn
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Герман хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 38 дугаар дунд сургуулийн хоёрдугаар ангийн сурагч  Лхагважавын Мандухай анхны бие даасан уран бүтээлийн үзэсгэлэнгээрээ үе тэнгийнхэндээ бэлэг барих гэж байна.
Тэрээр 2013 оноос эхлэн залуу уран бүтээлч, багш М.Баярнэмэх, Сувд галерейн зургийн дугуйлангийн багш М.Анхцэцэг, Хүүхдийн ордны багш Д.Батбаяр, “Арти Коур” зургийн дугуйлангийн багш Б.Одонгоо нараар зураг зурахыг заалган суралцаж эхэлжээ.
 
Үзэсгэлэнд ан амьтан, цэцэг навч, байгаль дэлхийгээ өөрийн гэсэн өнгөөр дүрслэн харуулсан усан будаг, гуашь, тосон болон шохойн пастелаар зурсан 40-өөд бүтээлийг дэлгэх юм.
 
Үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн дэргэдэх “Бест” үзэсгэлэнгийн танхимд  ирэх сарын 1-нд болно.
 
Дашрамд сонирхуулахад, Л.Мандухай охин Монгол Улсын Төрийн шагналт, МУЭ-ийн нэрэмжит шагналт зураач, багш Б.Пүрэвсүхийн зээ охин юм. Түүний өвөө 1985 оноос түүхэн сэдэвт дөрвөн бүлэгт “Мандухай цэцэн хатан”, 1989 онд “Мөнх тэнгэрийн хүчин дор” их хааны тухай киноны ерөнхий зураачаар тус тус ажилласан бөгөөд түүний түүхэн хоёр  киноны бүтээлийг киноны эскиз зургийн анхдагч бүтээл хэмээн мэргэжилтнүүд үздэг байна.
 
Ж.Болор
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг