sonin.mn
 
 
 Иракийн төв нутгийн Рамади хотод болж буй байлдааны ажиллагааны улмаас 114 мянга гаруй хүн орон гэргүй болсон гэж НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газар мэдэгдсэн бөгөөд орон гэргүй болсон хүмүүст хүмүүнлэгийн байгууллагууд болон түнш орнууд тусламж үзүүлж байна гэж НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Хак мэдэгдсэн байна.
Анбар мужийн нийслэл Рамади хот нь Иракийн нийслэл Багдад хотоос баруун тийш 110 км зайтай оршдог ажээ.
 
“Өнгөрсөн хэдэн өдөр хүмүүс Рамади хот руу буцаж ирсээр байна гэж Анбар мужийн зөвлөл мэдэгдсэн. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Эль-Фаллужи хотын хойд хэсэгт байлдааны ажиллагаа улам эрчимжсэн” гэж Хак мэдэгдсэн байна.
 
Мөн тэрбээр, “хүмүүнлэгийн байгууллагууд болон түнш улс орнууд орон гэргүй болсон хүмүүсийг хэрэгцээт зүйлсээр нь хангаж байна. Абу-Грейб дүүрэг болон Багдадын Дура хэсэгт байгаа 1100 хүнд өгөх тусламжийг НҮБ-ын Дүрвэгсдийн байгууллагаар дамжуулан хүргүүлсэн” гэж мэдэгджээ.
 
Ус, эрүүл ахуйн зүйлс, хувин зэрэг 1584 ширхэг ариун цэврийн иж бүрдлийг НҮБ-ын Хүүхдийн сан Багдад мужид тараасан байна.
 
Иракийн Засгийн газар болон тусламжийн багууд шинээр шилжин суурьшигчдад тусламж үзүүлэхийг хичээж байгаагийн зэрэгцээ Анбар мужид өрнөж буй байлдааны ажиллагаанаас 90 мянга гаруй хүн дүрвэн зугтсан гэж НҮБ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг