sonin.mn
 
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл Дэлхийн номын өдрийг тохиолдуулан өчигдөр Баянзүрх дүүрэгт байрлах "Нобелийн шагналтнууд" хүүхдийн номын санд зочиллоо.
Энэхүү номын санг зураач М.Ганбат өөрийн гэргий С.Батцэцэгийн хамт 2012 онд үүсгэн байгуулжээ. Одоогоор номын санд Баянзүрх дүүргийн 5, 15, 22-р хорооны, Гацуурт болон Шархадны сургууль завсардсан, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой айлын, хөгжлийн бэрхшээлтэй, хөдөөнөөс шилжин ирсэн нийт 1-12 ангийн 200 гаруй сурагч үнэ төлбөргүй ном уншиж, 4 ээлжээр өдөр бүр хичээл заалгадаг. Одоогоор номын санд байгаа 722 номноос ихэнх нь Англи, Франц, Орос хэл дээрх ном учраас монгол хэлээр бичсэн хүүхдийн болон уран зохиолын ном хэрэгцээтэй байгаа талаар номын сангийн багш хэлж байв. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл энэ үеэр бага ангийн хүүхдүүдэд хэрхэн зохиол бичих тухай хичээл заав. Тэрээр анх Үлэг гүрвэлийн музейн нээлтэд зориулж хуулийн үг хэллэгтэй албаны үг бэлдэж очсон боловч оролцсон хүмүүсийн 95 хувь нь бага ангийн сурагчид байсан тул АНУ-аас эх орондоо хэрхэн үлэг гүрвэлийг авчирсан тухай хүүхдүүдэд зориулан үйл явдлыг үлгэр болгон ярьж өгчээ. Энэхүү нээлтэд оролцож байсан хүүхдийн номын зураач түүнтэй уулзан дөнгөж сая ярьсан үлгэрээ ном болгож гаргавал би танд зургийг нь зурж өгье хэмээн санал тавьснаар англи, монгол хэлээр бичсэн "Тарбозавр батаарын тухай " үлгэрийн ном төрөн гарчээ. УИХ-ын чуулганы үдийн цайны завсарлагааны хугацаанд хичээл заалган номын амтанд орсон бяцхан багачууд "Хэрвээ сайхан амьдарч байвал алгаа таш" дууг гишүүнтэй хамт дуулснаар хичээл өндөрлөлөө.
 
Б. Туул 
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг