sonin.mn
 
 Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл, архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал өнөөдөр эхэллээ.
 Бидний өвөг дээдсийн үүх түүхийн нэгээхэн хэсэг ОХУ-ын Санктпетербург хотын Дорно дахины гар бичмэлийн хүрээлэнд хадгалагдаж байдаг. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар энэхүү гар бичмэлүүдийг судалсан судлаачдын дунд эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 онд анх зохион байгуулж байсан юм. Харин хоёр дахь удаагийн энэхүү хурлыг Монгол Улсын ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Оросын шинжлэх ухааны академийн Дорно дахины гар бичмэлийн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.
 
Тус хурлаар 30 орчим илтгэл хэлэлцэх юм. Хуралд оролцож буй эрдэмтэд Монголын түүхийн эх сурвалж, гар бичмэлийн талаар хийж буй судалгааныхаа талаар танилцуулав. Монголын түүхийн судалгаанд түүх, хэл шинжлэл, аман зохиол, соёл, бурхан шашны судалгааны талаар шинэ материалыг анх гаргаж тавьж буйгаараа онцлог гэж зохион байгуулагчид нь хэллээ. Энэ үеэр эрдэмтэд 1874-1975 онд Монголд аялсан зураач П.Я.Пясецкийн замын тэмдэглэлийн дагуу зурсан зураг, Монголд 17 жил амьдарсан А.В.Бурдуковын архивын гэрэл зураг, гар бичмэлүүд, 1832 онд Монголоор дамжиж Бээжин хүрсэн О.М.Ковалевскийн өдрийн тэмдэглэл, 1925 онд Ерөнхий сайд А. Амарын Хятад улсад зорчсон тухай, 1692 онд Монголын ноён Оросын эзэнт хаанд бичсэн захидлын тухай тус тус илтгэл тавив. Энэхүү илтгэлүүдийг энэ ондоо багтаан ном болгон хэвлүүлэх аж.
   

Ж.Болор

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Гэрэл зургийг Б.Цэрэнжамц