sonin.mn
 
Ховд аймгийн Дуут сумын нутаг, Дуут нуурын дэргэд газрын гүний ус 2 метр  орчим оргилон гарч байгалийн сонин үзэгдэл боллоо.
Энэ тухай Дуут сумын засаг дарга Д.Таванцэрэгээс утсаар тодруулахад, Өчигдөр 4 сарын 1-нд манай сумын Дуут нуурын эргэн тойрны газрын ширэгнээс   маш их хэмжээгээр ус гарахдаа дээш оргилж гарсан. Яг усан оргилуур мэт усны өндрийн хэмжээ 2-3 метр орчим байсан. Нуурын орчим ус дээш оргилж,орой ажил тарах хүртэл зогсоогүй байсан. Урьд өмнө ийм сонин үзэгдэл болж байгаагүй. Бид бодохдоо  өвөл цаг агаар  дулаан тогтуун байж, нуурын гүний ус хагарч, түрж, гарч ирж байгаа байх гэж тааж байна. Элдэв сөрөг нөлөө байхгүй. Ховд аймгийн Эко телевизийн зураглаач Г.Улам-Оргил манай суманд ажлаар явах үеэр энэ сонин үзэгдэл таарч тэрээр зургийг нь аваад буцсан гэлээ.
 
Сумын ЗДТГ-ынхан  газар дээр нь очиж үзсэн байна.
 
А.Бямбасүрэн
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг