sonin.mn
 
 
“Эмоци” продакшн, “Кистоун” фильмс хамтран “Гурван найз яасан байх нь уу” бүрэн хэмжээний уран сайхны кино бүтээжээ.
Тус киноны уран бүтээлчид өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийв.
 
Бүтэлгүй гурван найзын адал явдлыг харуулсан “Гурван найз” олон ангит кино өнгөрсөн хавар хит болж үзэгчдийг байлдан дагуулсан билээ. Телевизүүдийн рейтингийг тогтоодог “Максима медиа”-гийн судалгаагаар тус кино 25-34 насны үзэгчдийн дунд 2014 оны  хамгийн өндөр үнэлгээ авчээ.
 
“Эмоци” продакшны жүжигчин О.Тэмүүжин энэхүү киноны зохиолыг бичжээ. Тэрээр хэлэхдээ, “Өнгөрсөн жил 40 ангит кино гарсны дараа үзэгчдээс киноны үргэлжлэлийг хэзээ хийх вэ гэсэн санал их ирсэн. Мөн интернэт ертөнцөөр хүмүүс хоорондоо “Яасан байх нь уу?” гэхэд  “Ингэсэн байх нь” гэх яриа их гарч байсан тул киногоо “Гурван найз: Яасан байх нь уу” гэж нэгэн хэвийн нэршлээс татгалзсан. Энэ кинонд бидний цоо шинэ адал явдлыг харуулна” хэмээн онцлов.
 
Инээдмийн төрлийн энэхүү киноны гурван найзын дүрийг жүжигчин О.Тэмүүжин, Д.Түвшинтөр, жүжигчин Г.Анхбаяр нар дахин бүтээжээ. Цуврал киноны жүжигчдийн багт нэмэгдэж “Эмоци” продакшны жүжигчин Б.Баатархүү, “X-Түц” продакшны жүжигчин А.Туяа, Т.Бархүү, дуучин Мино буюу Т.Номин, “Мөрөөдлийн театр”-ын Д.Баттөмөр, “Шинэ үе”-ийн Ц.Ганбаяр, “Маск” продакшны Д.Дэлгэрсайхан нар дүр бүтээжээ.
 
Кино урлагийг дэмжигч Юнител групп, КFC сүлжээ ресторан, AB лоунж, Хоум Плаза супермаркет ивээн тэтгэгчээр ажиллажээ. Тус киног бүтээхэд нийт 250 сая төгрөг зарцуулсан байна.
 
Тус кино энэ сарын 22-ноос Тэнгис, Өргөө, Соёмбо, Хүннү зэрэг кино театрын дэлгэцнээ үзэгчдийн хүртээл болно.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг