sonin.mn
 
 
 
Монголын даамын холбооны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд ОУИМ Дөлийн Эрдэнэбилэг 12 дахь удаагаа түрүүллээ.
Энэ удаагийн тэмцээн энэ сарын 19-27-нд БЗД-ийн “Бадмаараг” төвд УАШТ-ий хагас шигшээгээс шалгарсан 11, мөн 2014 оны улсын аваргын эхний гурван байрын тамирчид тойргийн журмаар өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан юм. Тэмцээний сүүлийн өрөг буюу 13 дахь өрөгт гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэг 20 оноогоор түрүүллээ. Тэрбээр нийт найман хожил, дөрвөн тэнцээ, нэг хожигдол авчээ. Спортын мастер Ц.Отгонбилэг 20 оноо, их мастер Г.Ганжаргал 17 оноогоор мөнгө, хүрэл медалийг хүртэв. Дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай, С.Даваадорж нар IV-V байрт шалгарав.
 
Эмэгтэйчүүдээс спортын мастер М.Одгэрэл 20 оноогоор түрүүлж, улсын аварга болсон бол спортын мастер Б.Нандинцэцэг, Г.Хэрлэнмөрөн нар адил 18 оноогоор мөнгө, хүрэл медаль хүртлээ. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээний эхний зургаан байрт шалгарсан тамирчид ирэх сарын 25-нд Узбекийн Ташкент хотноо болох Ази тивийн АШТ-д оролцох эрхтэй болов.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг