sonin.mn
Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Арвин нар Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон эмэгтэй алба хаагчдын төлөөллийг Төрийн ордонд хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүллээ. Эх орноо хамгаалах, иргэдэд эх оронч үзэл суулгахад төрийн бодлого чиглэдэг. Тиймээс батлан хамгаалах болон бусад хүчний байгууллагад эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байна. Тийм учраас одоо энэ салбарт ажиллаж байгаа эмэгтэйчүүд  ирээдүй хойчоо бэлтгэхэд анхаарч, үлгэр дуурайлал болон ажиллана гэдэгт итгэж байна хэмээн УИХ-ын Д.Арвин уулзалтын эхэнд онцлон тэмдэглэв.
 
УИХ-ын гишүүн Д.Ганбат, Монголын эмэгтэй цэргүүд Энхийг сахиулах ажиллагаанд амжилттай оролцож эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж байгаад бахархалтай байна. Та бүхний хүч хөдөлмөр, хичээл зүтгэлээр Монгол Улсын батлан хамгаалах салбарын хөгжил, аюулгүй байдал тодорхойлогдох юм” гэлээ.
 
Зэвсэгт хүчний “Соёмбо” сонины сурвалжлагч, ахлах дэслэгч Д.Мэндбаяр, 2013 онд БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн 2 дугаар мотобуудлагын батальонд Хэвлэл мэдээллийн төлөөлөгч, оператор гэсэн албан тушаалд ажилласан. Энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа цэргүүд ямар үүрэг гүйцэтгэдэг, цаг агаарын эрс тэс уур амьсгалд хэрхэн зохицож байгаа, олон улсын аюулгүй байдал, энхийг сахиулах үйлсэд ямар хувь нэмэр оруулж байна вэ гэдгийг олон нийтэд сурталчлан таниулах үүрэг хүлээсэн. Энэ үүргээ ч амжилттай биелүүлж чадсан гэдэгтээ итгэлтэй байна.
 
Батлан хамгаалах, хууль сахиулах алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн Дотрын клиникийн удирдах штабын дөрөвдүгээр тасгийн дарга, дэд хурандаа Д.Самбуужанцан, Энхийг дэмжих ажиллагаанд хоёр удаа оролцсон. Эхний удаа Сири Леон улсад Монголын цэргийн багийн Эмнэлгийн бүлгийн даргаар ажиллаад ирсэн. Энэ үед өөрийн цэргийн багийн болон НҮБ-ын штабын ажилтнуудын эрүүл мэндийг хариуцан ажиллаж байсан. Дараа нь БНӨСУ-д Бүсийн командлалын эмнэлгийн албанд ажиллаж байсан. БНӨСУ-д үүрэг гүүцэтгэх хугацаандаа 18 эмнэлгийн хэвийн үйл ажиллагааг хангах ажлыг хариуцаж ажилласан. Монгол Улсын хоёрдугаар шатлалын эмнэлэг Энхийг дэмжих ажиллагаанд амжилттай оролцож, өндөр үнэлгээ авсан. Цаашдаа Энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй эмэгтэй цэргийн албан хаагчдын тоог нэмэх шаардлагатай гэж үзэж байна” гэлээ.
 
Уулзалтын төгсгөлд БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал З.Болдбаатар хэлсэн үгэндээ улс орноо батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт үүрэг гүйцэтгэж байгаа, олон улсын энхийг сахиулах үйлсэд удирдах албан тушаал хашиж байсан эмэгтэйчүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүлж байгаад талархаж буйгаа илэрхийллээ. Тэрбээр “Монгол Улс 2002 оноос хойш НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож байгаа. Манай зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс олон улсын энхийг дэмжих ажиллаганд нийт 11 мянган хүн оролцсоны 2,9 хувь буюу 341 нь эмэгтэй алба хаагч байна. Энэ жил энхийг дэмжих үйлсэд манай улсаас 110 гаруй цэргийн албан хаагч оролцож байгаагийн 72 нь эмэгтэй юм” гэв.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал
Эх сурвалж: