sonin.mn
Монголын Үндэсний сэтгүүлзүйн 102 жилийн ойг тохиолдуулан МСНЭ-ээс уран бүтээлч, сэтгүүлчдэд шагнал гардуулах ёслол боллоо. Монголын сэтгүүлзүйн 100 жилийн ойн медалийг Ардын уран зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, яруу найрагч Ж.Баяржаргал нарт гардуулсан бол “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужинг "Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан" цол тэмдгээр шагнаж нэр бүхий сэтгүүлчдийг “Ган үзэг” шагналаар энгэрийг нь мялаав. П.Анужин энэ тухайгаа өөрийн цахим хуудсаар дамжуулан "Энэ өдөр МСНЭ-ийн гишүүн болж, хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан болов. Миний хувьд хаалттай хатуу байсан их айлын хаалгаар алхан орлоо. Энэ салбарт зүтгэж байгаа минь нэр төрийн хэрэг, баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.
 
Мөн сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлч, инженер техникийн ажилчдын эрх ашгийн төлөө дорвитой үйл ажиллагаа явуулахыг хүсч "Зар мэдээ" сонины эрхлэгч Д.Баясгалан 10 сая төгрөгийн хандивыг МСНЭ-ийн Ерөнхийлөгч Б.Галааридад гардуулсан юм. Манай улсад өнөөдрийн байдлаар 126 сонин, үүнээс өдөр тутмын 16, долоо хоног тутмын 30 сонин гарч байна. Мөн улсын хэмжээнд 187 телевизийн суваг үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 61 нь нийслэлд үйл ажиллагаа явуулдаг гэсэн судалгаа гарчээ.
 
 Ж.Болор
Эх сурвалж: