sonin.mn
 
Олон улсад Монгол улс соёрхон баталсан конвенцийг хэрэгжүүлдэггүй, хүний эрхийг хангадаггүй, хариуцлагагүй улс орон гэж дүгнүүлэх үйлдлийг Нийслэлийн нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл гаргав. Тэрбээр эрүүл мэнд, боловсролын байгууллагын дарга нарт “Татварын суутгалыг зогсоох тухай” албан тоотыг хүргүүлжээ. 
 
Түүний үзэж буйгаар “ажилтны төлөөлөл ҮЭ-ийн хороо, захиргаатайгаа байгуулсан хамтын гэрээндээ ажилтнуудын өөрсдийн зөвшөөрөл, хүсэлтийг үндэслэн гишүүний татварыг цалин дээрээс нь бэлэн бусаар суутгаж байхаар тохирсон нь огт хамаагүй гэнэ. Мөн ажилтны цалингаас хийх суутгалын хэмжээг хуульчилж өгсөн Хөдөлмөрийн тухай хуулийн 63 дугаар зүйлийг зөрчиж байна” гэх зэргээр өөрийн шийдвэрээ зөв гэдэгт итгэлтэй байгаа бололтой. Гэхдээ түүний энэхүү үйлдлийг буруу гэдгийг дараах үндэслэлээр тайлбарлаж болох юм. 
 
Үндэслэл 1
 
Манай улс Олон улсын хөдөлмөрийн байгууллагын /ОУХБ/ 87, 98 дугаар конвенцийг соёрхон баталсан нь түүнийг хэрэгжүүлнэ гэдгээ зөвшөөрсөн хэрэг юм. Засгийн Газар жил бүр энэхүү конвенцийн хэрэгжилтийг хангаж ажилласан талаараа ОУХБ-д тайлагнадаг. Өнгөрсөн жил Монгол Улсын Ерөнхий сайд ОУХБ-ын 103 дугаар чуулганд “ Монгол Улс түншлэлийг хөгжүүлж буй улс орон” хэмээн илтгэл тавьжээ.
 
Ц.Энхцэнгэл даргын гаргаж буй дээрх шийдвэрийг ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс санаатай, саад учруулж байна хэмээн ОУХБ-ын конвенц, зөвлөмжийн хороонд ҮЭ гомдлоо гаргах эрхтэй. Хэрэв ийнхүү гомдол гаргавал тус хороо холбогдох асуулга хийж “Монгол Улс соёрхон баталсан конвенцийг хэрэгжүүлдэггүй хариуцлагагүй улс орон” хэмээн олон улсад зарлаж, нэр хүндэд нь халдах эрхтэй.
 
Үндэслэл 2
 
Төр, засгийн зүгээс цалин хөлсний талаар баримтлах бодлогоо тодорхойлохдоо 10 ажилтан түүнээс дээш ажилтантай аж ахуйн нэгжид ҮЭ-ийн хороо бүлэг байгуулахыг дэмжье. Тэд ҮЭ-тэй болсноор дотооддоо ажилтныхаа цалин хөлс, нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ хэлэлцэн шийдвэр гаргадаг байх нь зөв гэж үзсэн байдаг. Түүгээр ч барахгүй 2013 онд Засгийн газар 370 дугаар тоггоолоороо төр, эзэд, ҮЭ нягт хамтран, нийгмийн түншлэлийг хөгжүүлж ажиллана хэмээн шийдвэрлэж, шат шатны засаг дарга нартаа ажлын чиглэл хүргүүлжээ. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх механизм бол шат шатны хамтын гэрээ хэлэлцээр юм.
 
Харин Ц.Энхцэнгэл дарга “ҮЭ-ийн ажил цэвэр сайн дурын байх ёстой. ҮЭ-ийн гишүүний татварыг тухаин ажилтны цалингаас бэлэн бусаар захиргаа суутгаж байгаа нь буруу. Үүнийг л больё гэж байгаа болохоос ажилтнуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хааж боогоогүй” гэв.
 
Үндэслэл 3
 
Хүний эрхийн үндэсний комисс, МҮЭХ хамтран 2014 онд иргэд, хөдөлмөрчид эвлэлдэн нэгдэж эрх ашгаа хамгаалахад ямар бэрхшээл саад байна. Хүний эрхийн хамгаалагчийн үүрэг гүйцэтгэж буй ҮЭ-ийн сонгуультнуудад ажил олгогч, эздийн зүгээс ямар нэг дарамт шахалт байна уу зэрэг чиглэлээр судалгаа хийсэн байна. Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн, сон-гуультан нар сонгуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэхэд захиргааны зүгээс ямар саад бэрхшээл үзүүлдэг талаарх асуултад судалгаанд оролцогчдын 2424 нь буюу 66 хувь нь хариулж, тэдгээрийн 39.8 хувь нь ямар нэгэн саад бэрхшээл үзүүлдэг гэж үзсэн байна. 
 
Түүнчлэн захиргааны зүгээс ҮЭ-ийн байгууллага үйл ажиллагаа явуулах нөхцөл, боломжоор хангадаггүй гэж оролцогчдын 346 нь буюу 9.6 хувь, Татвар хураахад саад учруулдаг гэж 98 хүн буюу 2.7 хувь нь үзжээ. Мөн Үйлдвэрчний эвлэлээс тавьсан санал шаардпагад захиргаа хайхрамжгүй, ёс төдий ханддаг гэж судалгаанд оролцогчдын 381 нь буюу 10.6 хувь үзсэн байна. Гишүүдийн цалингаас ҮЭ-ийн гишүүний татварыг суутган авч ҮЭ-ийн дансанд шилжүүлдэг ч зарим тохиолдолд татварыг шилжүүлэхгүй байх, гишүүд өөрсдөө цалингаас ҮЭ-ийн гишүүний татвараа хураалгаж байхыг зөвшөөрсөн ч түүнийг нь үл тоож буйг засч залруулахьг зөвлөжээ.
 
Үндэслэл 4
 
ҮЭ-ийн гишүүний татвар, суутгал хоёр тэс өөр ойлголт гэдгийг хэн хүнгүй мэднэ. Өөрөөр хэлбэл ҮЭ-ийн гишүүний татвар нь Ц.Энхцэнгэл даргын үзэж буй шиг цалингаас хийж буй суутгал биш юм.
 
Д.Тэгш
Эх сурвалж: "Хөдөлмөр" сонин