sonin.mn

Шинийн арван тавны билэгт сайн өдөр Монголын эрүүл мэнд, гоо сайхны үйлдвэр, үйлчилгээний салбарт тэргүүлэгч Монос Групп Үндэсний Төв Номын санд ном, судрын баринтаг хүлээлгэн өглөө.  Тус номын санд хадгалагдаж буй ховор ном, судрыг хадгалахад хэрэгтэй  1200 орчим баринтагийг Монос Группийн хамт олон өөрсдөө урлажээ.

Энэ тухай Монос Группийн Ерөнхийлөгч Л.Хүрэлбаатар : “Хамт олон маань энэ сайхан ажлыг санаачилж,  баринтаг бүрт өөрсдийнхөө ур, хөдөлмөр, чин сэтгэлээ шингээлээ. Миний хувьд ч гэсэн энэ ажлыг ихэд талархан дэмжсэн юм. Яагаад гэвэл би бүр хүүхэд байхаасаа  энэ төв номын сангийн бүх танхимд ном уншдаг байлаа. Эрдмийн ажлаа хийхдээ хүртэл  яг энэ бидний зогсож буй танхимд  сууж, судалгаа хийж байсан. Монголчуудын оюуны их өв болсон сая шахам судрыг хамгаалах үйлст манай хамт олон нэгдэж байгаадаа их баяртай байна. Анх ажилчдынхаа тоогоор баринтаг бэлэглэе гэж төлөвлөж байсан боловч түүнээсээ  давжээ. Зарим ажилчид маань бүр гэр бүлийнхээ гишүүдийн тоогоор баринтаг урласныг хэлэхэд  таатай байна.” хэмээсэн юм.

Үндэсний Төв Номын сангийн захирал н.Нансалмаа Монос Группийн уг үйлст талархаж буйгаа илэрхийлээд  : “Соёлын  баримтат өвийн хадгалалт, хамгаалалтын асуудал бол манай улсын тусгаар тогтнолтой ч холбоотой маш том асуудал юм шүү”  гэв.

Дашрамд дурьдахад Монос Группийн 25 жилийн ой  энэ онд тохиож буй бөгөөд ойн баяртаа зориулж,  нийгмийн хариуцлагын 25 ажил зохион байгуулахаар болсны нэг нь энэ аж.

Монос Групп  Үндэсний Төв номын санд хадгалагдаж буй ховор ном, судрыг хадгалахад хэрэгтэй  баринтагийг  урлан өгөх энэ ажлыг зөвхөн өөрсдөө хийгээд зогсохгүй бусад аж ахуйн нэгж, хувь хүн, төрийн бус байгууллагуудад албан ёсоор уриалж буй юм.

М.Гал