sonin.mn
БЕЙРУТ. /ITAR-TASS/. Сирийн хойд нутагт оршдог Алеппо хотод 196 босогч сайн дураараа зэвсгээ хураалгаж, жирийн амьдралд эргэн оржээ. Тус улсын Үндэсний эвлэрлийн комиссын гишүүн Али Хаж Кальбуны телевизийн "Аль-Алям" сувагт мэдээлснээр “эрх баригчдад бууж өгсөн босогчдыг лхагва гарагт бүгдийг нь сулласан байна”. Түүний хэлснээр, тэд “олдсон боломжийг ашигласан” найм дахь бүлэг хүмүүс ажээ.
 
Орон нутагт эвлэрэл тогтоох үйл явцыг өргөжүүлэх нь чухал болохыг Сирийн Ерөнхийлөгч Башар Асад 2014 оны долдугаар сарын 16-нд тангараг өргөх үеэрээ хэлсэн үгэндээ цохон тэмдэглэснийг Кальбун сануулсан байна. Алеппод “босогчид армид эсэргүүцэл үзүүлэхээ зогсоож, байрлалаа орхих нь өдрөөс өдөрт нэмэгдсээр байгааг” тэрбээр дурджээ.
 
Сирийн нийслэл Дамаск хотоос хойд зүгт 360 км-ийн зайд оршдог Алеппо хот нь 2012 оны наймдугаар сараас хойш хоёр хэсэгт хуваагджээ. Тус хотын баруун дүүргийг Сирийн арми хамгаалж байгаа бол зүүн хэсгийг нь 20 гаруй зэвсэгт бүлэглэл хянаж байгаа юм.
 
Д.Жаргал
Эх сурвалж: