sonin.mn
МОСКВА. /RIA Novosti/. “Жебхат ан-Нусра” гэж хэвлэлүүдэд нэрлэж байгаа террорист бүлэглэлийн хээрийн командлагчийг эвслийн хүчний Сирид явуулсан агаарын цохилтын ажиллагааны үеэр устгасан байж магадгүй гэж Ройтерс агентлаг эх сурвалжийнхаа мэдээллийг иш татан уламжилжээ. Хээрийн командлагч Абу Хумам аш-Шами шархадсан гэж тус агентлаг урьд нь мэдээлж байв. Энэ удаад Турктэй хил залгаа Идлиб мужийн Салькин хотод цуглараад байсан босогчид руу агаараас дайрчээ.
 
Харин АНУ-ын армийн төлөөлөгчийн мэдэгдсэнээр, сүүлийн 24 цагийн хугацаанд Идлиб муж дахь босогчдын байрлалд агаарын цохилт өгөөгүй байна. АНУ холбоотон хэд хэдэн улсын дэмжлэгтэйгээр өнгөрсөн оны есдүгээр сарын 23-наас Сири дэх “Лалын улс” болон бусад бүлэглэлийн байрлалд агаараас цохилт өгч эхэлсэн билээ. 2011 оноос хойш Сирид үргэлжилж буй мөргөлдөөний улмаас 200 мянга гаруй хүн амиа алдсан байна. Тус улсын Засгийн газрын цэргүүд гадаадын хөлсний цэргүүдийг эгнээндээ нэгтгэсэн янз бүрийн зэвсэгт бүлэглэлүүдтэй тулалдаж байгаа юм. НҮБ-ын мэдээлснээр, мөргөлдөөний улмаас 12 сая хүн хохирч, бараг 4 сая хүн дүрвэгч болсон бол 7 сая гаруй хүн улс орныхоо дотоодод шилжин суурьшихаас аргагүйд хүрчээ.
 
Д.Жаргал
Эх сурвалж: