sonin.mn
КИЕВ. /ITAR-TASS/. Донецкийн “Засядько” нүүрсний уурхайд гарсан дэлбэрэлтийн улмаас амиа алдсан уурхайчдыг дурсгалыг хүндэтгэн гуравдугаар сарын 5-ныг гашуудлын өдөр болгон зарлах тухай тогтоолд Украины Ерөнхийлөгч Петр Порошенко гарын үсэг зуржээ. Пүрэв гарагийн өдрийн 12 цагт төрийн далбааг бөхийлгөн, Украин даяар нэг минутын турш чимээгүй зогсож амиа уурхайчдад хүндэтгэл үзүүлнэ.
 
Украины зүүн нутгийн “Засядько” нүүрсний уурхайд лхагва гарагийн шөнө дунд дэлбэрэлт гарах үед 230 орчим хүн уурхайн гүнд боогдсон ажээ. Дэлбэрэлтийн улмаас 24 хүн амиа алдаж, 9 уурхайчны хувь заяа хэрхсэн нь тодорхойгүй байна гэж Бүгд Найрамдах Донецк Ард Улсын Онцгой байдлын яамны хэвлэлийн төлөөлөгч Юлиана Бедило мэдэгджээ.
 
Донецкийн “Засядько” нүүрсний уурхай 1958 онд ашиглалтад орсон байна. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд уг уурхайд таван том осол гарсан бөгөөд 2007 оны 11 дүгээр сарын 18-нд гарсан хамгийн том ноцтой ослын улмаас 101 уурхайчин амиа алдсан байна. Үүнээс хоёр долоо хоногийн дараа дахин дэлбэрэлт гарч 52 уурхайчин гэмтэж бэртжээ.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: