sonin.mn
МСНЭ-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдоод удаагүй байгаа сэтгүүлч П.Баярмагнайгийн санаачилсан төслөөр Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат багш Ш.Чоймаагийн хөрвүүлэг дээр тулгуурлан Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт дуун хөрвүүлэгч Г.Аким зэрэг эрдэмтдийн оролцоотойгоор “Монголын нууц товчоог 365 хоногт” хуваарьт номыг эрхлэн гаргаж, Төрийн ордны “Монгол төрийн түүхийн музей”-д өчигдрийн морин цагт нээлтийг нь хийв.
 
“Монголын нууц товчоо сан”-гаас эрхлэн гаргасан энэхүү бүтээл нь Монголын нууц товчоог жилийн турш унших хэлбэрт оруулж, одоо цагт мартагдах шахсан 2000 гаруй үгсийн тайлбартайгаар хэвлэн гаргаснаараа онцлогтой юм. Бүтэн жилийн турш Монголчуудын ширээний ном болох учиртай энэхүү бүтээл аргагүй л олон эрдэмтэн мэргэд, судлаачид, сэтгүүлчид, тэр ч байтугай энэ номыг бүтээхэд ихээхэн хүчин зүтгэл гаргасан П.Баярмагнайгийн эхнэр “Амин медиа” группийн захирал Б.Баярсайханы дүү жүжигчин Б.Амарсайхан ч сурталчилгааны рекламд нь оролцож аргагүй л хамтын томоохон бүтээл болсон байна. 
 
“Монголын нууц товчоог 365 хоногт” номын нээлтэд судлаачид, Их дээд сургуулийн профессорууд, оюутнууд, сэтгүүлчид гээд салбар бүрийн төлөөллүүд ирсний дотор хоёр содон зочин байсан нь Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, “Зулай цагаан Алтай”-н дууч, нэрт хөгжмийн зохиолч агсан Ч.Сангидоржийн ихэр цэцгүүд болох С.Ижилцэцэг, С.Ихэрцэцэг нар ээжийгээ дагуулан ирсэн байв. Испани, АНУ-д 10 гаруй жил амьдарцгаасан ихэр цэцгүүд удахгүй болох загварын томоохон шоуд оролцохоор ирээд байгаа гэнэ. 
 
“Монголын нууц товчоог 365 хоногт” номын нээлтийн үеэр энэ номыг бүтээх ажилд гар бие оролцсон зарим хүмүүстэй уулзаж ярилцсанаа хүргэж байна. 
 
Жүжигчин Б.Амарсайхан: Дэлхийн кино урлаг Монголчуудын түүх, соёл руу хошуурч байна
 
-Таны хувьд “Монголын нууц товчоог 365 хоногт” номын сурталчилгаан дээр ажилласан юм байна. Ер нь таны хувьд энэ номд аль хэр ач холбогдол өгч байгаа вэ?
 
-За баярлалаа. Юуны өмнө “Өглөөний сонин”-ы уншигчдад энэ өдрийн мэнд дэвшүүлье. Ийм ном гарч байгаад миний хувьд маш их талархалтай байгаа. Учир нь Монголын нууц товчоог Монголчууд бүгдээрээ дахин дахин унших ёстой, манай ард түмний оюуны гайхамшигтай том дархлаа, их өв соёл юм. Энэ талаар төр засгийн тогтоол шийдвэр ч гарсан санагдаж байна. 
 
Хэдийгээр энэ сайхан ХIII зууны бүхэл бүтэн түүх, он цагийн хөлгөн их шастир байсаар байхад манайхан олигтой уншдаггүй, ядаж л сөхөж хардаггүй юм шиг санагддаг. Жүжигчин хүний хувьд ажиглаж байхад дэлхийн кино урлаг дорно дахин руу, ялангуяа төв Азийн нүүдэлчдийн зан заншил, ахуй соёл, уламжлал руу хүчтэй түрэн орж ирж байна. Жишээлбэл АНУ, Европ тэр аяараа киноны сэдэвгүй болчихлоо шүү дээ. Тийм ч учраас дэлхийн киноны томчууд төв Ази, тэр дундаа Монголын ХIII зууны хөлгөн их түүх рүү өөрийн эрхгүй хошуурцгааж байна. 
 
С.Бодров Чингисийн тухай хийлээ, сая Марко Полог Холливуд барьж авч хийхэд гол дүрд нь Монгол жүжигчин тоглолоо. Сая хятадууд дараа жилийн Оскарт хүчтэй өрсөлдөх “Чонон сүлд”-ээр кино хийхэд манай Р.Анхням мөн л гол дүрд нь тоглолоо шүү дээ. Энэ бүхэн юу хэлээд байна гэвэл дэлхийн кино урлаг төв Азийн нүүдэлчид, ялангуяа Монголын өнгөрсөн их түүх рүү эргэлт буцалтгүй орсныг л хэлээд байгаа юм. Нүүдэлчдийн түүх, соёл гэдэг өөрөө үнэхээр агуу юм. Шавхагдашгүй их баян ундрагатай юм гэдгийг л харуулж байгаа хэрэг. Бодит байдал ийм байхад Монголчууд бид өнөөдөр үр хүүхдүүддээ “Нисдэр морь пони”-гийн тухай уншуулж байх ёстой юу “Монголын нууц товчоо”-гоороо хүмүүжүүлж байх ёстой юу. 
 
Монголчууд гэж хэн юм, ямар түүхтэй байсан юм, хэн байх ёстой юм, удирдагч гэж ямар хүнийг хэлдэг юм гэдгийг бидний үр хүүхдүүд энэ номоос олж унших учиртай юм. Тэр ч байтугай хайр дурлал, үнэнч андын нөхөрлөл гэж юу юм гэдгийг ч энэ номноос унших боломжтой. Товчхондоо энд Монголчуудын бүх л кодыг биччихсэн байгаа. Тухайн хүн өдөртөө энэ номонд 10-хан минутыг зараад 365 хоног болоход Монголынхоо хөлгөн их түүхийг бага ч болтугай гадарладаг болчихно. Товчхондоо их амарчилж, орчин цагийн хэллэгт шилжүүлэн 365 хоног уншихад зориулагдсан энэ номын гол ач холбогдол нь үүнд л оршиж байгаа юм. 
 
Монголчууд асар хурдацтай даяарчлагдаж байгаа энэ дэлхий ертөнцөд өөрсдийгөө авч үлдэхийн тулд энэ сайхан бэлэн түүхээ бүр цээжээрээ мэддэг болтлоо унших хэрэгтэй юм. Хэл, соёл нь мөхөхөөр л улс, үндэстэн устаж алга болдог. үүний хамгийн гашуун жишээ нь Манж чин гэж улс юм. Монголчууд бид саяхан гурван саяуулаа болсон. Энэ бол үнэндээ хоёр хөршийн нэг хотын л хүн амын тоо шүү дээ. Тэгэхээр бид хэл, соёлын дархлаагаа өдөр бүр манаж, хамгаалах ёстой. Энэ үйлсэд “Монголын нууц товчоог 365 хоногт” хэмээх энэ ном томоохон үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй. 
 
-Өөрийн тань оролцон тоглосон “Аравт” кино бол 10 цэргийн хэсэгхэн хугацааны үйл явдлыг үзүүлдэг. Тэгвэл “Монголын нууц товчоо”-ны нэг бүлэг, бүр жаахан хэсгээр ч бүрэн хэмжээний кино хийх боломжтой гэж ойлгож болох нь ээ?
 
-“Монголын нууц товчоо”-ны бүтэн бүлэг байтугай тэнд хэрэглэгдэж байгаа дөрөө, эмээл, сур гээд заавал уран сайхны кино гэхгүй баримтат кино, судалгаа хийгээд явахад л энэ олон арилжааны телевизүүд гаргаад дуусахгүй их контенттэй болох бүрэн боломжтой. Өнөөдөр энэ 30-40 арилжааны телевизүүд юу гаргаж байна, баахан Солонгосын хэрүүл тэмцэл, атаа хорсол буцалсан кинонцоруудаар л аргацааж байна шүү дээ. Тэгэхэд зөвхөн морио унахдаа дөрөө хэрэглэдэг болсноороо Монголчууд дэлхийд өмд гэдэг хувцасыг гаргаж ирсэн. Зөвхөн дөрөөний тухай хөөгөөд явахад л дуусахгүй бэлээхэн сэдэв байж байна. 
 
-Түүхэн сэдэвтэй кинонд тоглодог жүжигчин хүний хувьд “Монголын нууц товчоог 365 хоногт” номын уншсанаар ямар шинэ санаа, уран бүтээлийн сэдэв олж авав?
 
-Ганц би гэлтгүй дэлхийн уран бүтээлчид Монголын хөлгөн их түүхээс л санаагаа авч байна л даа. Ганцхан Чингис хаан гэлтгүй түүнийг залгамжлагч Мөнх хааны тухай сэдэв, уран санаагаа олж авцгааж байна шүү дээ. Би түүхэн сэдэвт кинонд тоглодог жүжигчний хувьд Монголын өнгөрсөн их түүхийг маш их унших ёстой юм. Чингис хаанаас хойших бүх л их хаад, тэдний өрлөг жанжингуудын тухай, хүүхдүүдийн тухай, хайр сэтгэлийнх нь тухай цэрэг эрсээ хэрхэн бэлтгэж, тэсвэр хатуужилтай болгож байсан тухай дахин дахин унших ёстой юм. 15-хан настай хүү дөнгөтэйгөө оргож, хожим нь дэлхийн талыг түвшитгэсэн агуу их хаан болсон гайхамшигт түүхийг Монголчууд бид ганц жил биш бүх насаараа унших ёстой. “Монголын нууц товчоо”-г үнэндээ яаж ч мэрээд, аль бүлгээс нь аваад ч барахгүй, ард нь гарахгүй үнэхээр гайхамшигтай хөлгөн түүх шүү дээ.
 
Өчүүхэн миний бие “Монголын нууц товчоо”-г тоймлон ярих нь үнэндээ ахадсан хэрэг юм. Тийм болохоор би өөрийн чадлаар энэ номын тухай сурталчилгаанд нь л тоглож өөрийн үүргээ биелүүлсэн. Та бүхэн минь заавал үзээрэй.
 
-За хамгийн ойрхон төлөвлөгөөнд орсон ямар уран бүтээл өөрийг тань хүлээж байгаа вэ?
 
-Энэ жилдээ багтаад хоёр кино хийх санаатай. Кино гэдэг чинь бас их зовлонтой ажил байдаг л даа. Олон хүмүүс, уран бүтээлийн олон баг нийлж байж хийдэг болохоор бусад хүмүүсийнхээ цаг зав, за тэгээд хөрөнгө санхүү гээд зовлон их бий. Тийм болохоор урьдчилаад яг таг амлаж болдоггүй зүйл байгаа юм. 
 
-Энэ ном бас л их олон хүний хүч хөдөлмөрөөр бүтсэн байна шүү, тийм ээ?
 
-Тэгэлгүй яах вэ. Чоймаа гуай, Аким гуай, Бира гуай манай эгч Баярсайхан, хүргэн Баярмагнай гээд маш олон хүний хүч, хөдөлмөр, сэтгэл шингэсэн бүтээл гэж хэлж болно. Эцэст нь хэлэхэд олон хүн энэ номыг худалдан авч, хадгалахаасаа илүү өдөр бүр уншаасай гэж л хүсч байна даа. За би үг хэлэх болчихлоо, баярлалаа. 
 
“Амин медиа” группийн захирал Б.Баярсайхан: Монголчууд бүгдээрээ энэ номыг уншаасай 
 
-Монголын нууц товчоог 365 хоногт” номыг эрхлэн гаргах санаа анх яаж төрөв. Энэ номыг гаргасны гол ач холбогдлыг юу гэж харж байгаа вэ? 
 
-Энэ бол миний нөхөр, сэтгүүлч П.Баярмагнайгийн анхлан сэдсэн санаа нь ажил хэрэг болж, өнөөдөр нээлтээ хийж байгаа хэрэг юм. Анх энэ санаагаа Г.Аким, Ш.Чоймаа гуай нарт хэлэхэд маш их дэмжин хүлээж авсан. Ер нь ч “Монголын нууц товчоо”-г их олон янзаар хэвлэе гэсэн санаа Ш.Чоймаа гуайд ирдэг юм билээ. Харин бидний энэ хувилбар бол Монголчууд өдөр тутмынхаа амьдралд түүртэлгүйгээр өдөр бүр тодорхой хэсгийг уншиж, үнэлэлт дүгнэлт өгөөд явах боломжтой их тохиромжтой хувилбар болсон гэж бодож байна. 
 
Эдгээр эрдэмтдийн санаа сэтгэлд ихэд нийцсэн тул “Монголын нууц товчоо сан”-г үүсгэн байгуулаад номынхоо ажилд ханцуй шамлан орцгоосон. Энэ номын хамгийн гол ач холбогдол нь өнөөдрийн их завгүй хүмүүс “Монголын нууц товчоо”-г 365 хоногт хуваан, ямар ч түүртэлгүй уншихын зэрэгцээ ХIII зууны үеийн 2000 гаруй үг, хэллэгийг орчин цагийн галигт буулгаснаараа бүх насны хүмүүс ойлгож унших боломжтой болсон нь хамгийн гол давуу тал юм. 
 
Өдөрт уншсан тал хуудсаа тунгаан бодоод маргаашийн тал хуудсаа уншиж явсаар 365 хоногт “Монголын нууц товчоо” хэмээх энэ гайхамшигтай бүтээлийг бүрэн уншиж дуусах юм. Нэгдүгээрт унших үед танд ойлгомжгүй үг хэллэг гарахгүй, хоёрдугаарт таныг огтхон ч чилээхгүй. Энэ нь л манай номын гол онцлог юм даа.  Нөгөөтэйгүүр дэлхийн гэлтгүй Монголын нийт гэр бүлүүд оройд тал талаас цуглаад хуучны гэр бүлийн халуун дулаан уур амьсгал их алдагдаж байгаа. Бүгдээрээ нэг утас хараад, үгүй бол комьпютер шагайгаад өрөө өрөөндөө бүгчихдэг болсон. 
 
Бидний багад “Боролдойн цаг” гарахаар бүгдээрээ зурагтынхаа өмнө суудаг байсан шиг энэ номыг орой болгон гэр бүлээрээ 10-хан минут зарцуулаад аав нь уншиж, бүгдээрээ сонсвол гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд ч их эерэг нөлөө үзүүлнэ гэж тооцоолсон юм. Зөвхөн Монголд гэлтгүй АНУ, Европ, Япон, Солонгост яах аргагүй Монгол хүүхэд хэрнээ эх хэлээ мэдэхгүй, уншиж чадахгүй маш олон хүүхэд бий болсон. Тэдэнд ч эх түүхээ мэдэх, ядаж л Монгол хэлнийхээ онцлогийг таньж мэдрэхэд багагүй үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Хамгийн гол нь маш ойлгомжтой хэлбэрээр хэвлэгдсэн учир ямар ч хүнд бэрхшээл, хүндрэл гарахгүй. 
 
Монгол Монголоороо үлдэх, Монгол хүний бусдаас ялгарах онцлогийг дархлаажуулахад “Монголын нууц товчоо” хэдэн зууны турш агуу их үүрэг гүйцэтгэсээр ирсэн. Тэгвэл одоо ХХI зууны иргэд энэ гайхамшигтай номыг маш хялбархан ойлгох боломжтой боллоо. Энэ л хамгийн гол ач холбогдол нь юмаа. Эцсийн эцэст өвөг дээдсээ хэн болох, ямар түүх бүтээснийг мэдэж байна гэдэг бол өөртөө болон улс үндэстэндээ хийж байгаа маш том оюуны хөрөнгө оруулалт гэдгийг Монголчууд маань уураг тархиндаа гүн гүнзгий суулгачих хэрэгтэй. Тэгсэн цагт таны гар өөрийн эрхгүй “Монголын нууц товчоо” руу явах болно. 
 
-“Монголын нууц товчоог 365 хоногт” ном бүтээх ажил хэзээ эхлээд, хэзээ дууссан бэ?
 
-За энэ ажил хагас жилийн өмнө эхлээд Цагаан сарын өмнөхөн анхныхаа хэвлэлтийг гаргаж авсан. Цаашдаа Англи, Япон,Франц хэл дээр гаргана, гар утасны аппликейшн болгоно. Товчхондоо өнөөдөр хүн болгон, фейсбүүк, твиттер хэрэглэж байгаа шиг л “Монголын нууц товчоо”-г өдөр бүр уншиж, хэрэглэх бүх боломжийг нээн өгч бүх л сувгаар дамжуулахыг хичээх болно. 
 
-Их сайхан санаа байна. Түүнээс гадна БСШУ-ны сайд Л.Гантөмөртэй уулзаж ерөнхий болов­сролын сур­гуулийн сургалтын системд ч гүнзгийрүүлэн оруулж болмоор санагдлаа? 
 
-Бид Л.Гантөмөр сайдтай уулзсан. Маш гоё санаа байна гэсэн. Гэхдээ дэлхий нийтийн туршлагаас үзвэл иймэрхүү санаа, сэдэл ажил хэрэг олон байдаг. Жишээлбэл Библи, Коран судар, том том менежментийн номуудыг ийм маягаар хэвлэдэг юм билээ. Харин “Монголын нууц товчоо”-г жилийн 365 хоногт тохируулан хэвлэсэн нь анхных болж байна. 
 
-Номын бүх дэл­гүүрүүдээр зарагдах уу. үнийн хувьд сонирхсон бүх хүмүүс аваад унших боломжтой юу? 
 
-Номын бүх дэлгүүрээр зарагдана. үнийн хувьд хэвлэлтийн зардал дээрээ маш өчүүхэн ашиг нэмж, бүх насны хүмүүс авч уншаасай гэсэн л гол санааг агуулж байгаа. Өнөөдөр жирийн нэг уран зохиолын ном ямар үнэтэй байгаа билээ. Тэгэхэд “Монголын нууц товчоо” хэмээх өвөг дээдсийнхээ энэ агуу түүхийг 25 мянган төгрөгөөр аваад уншихаасаа манайхан нэг их гар татахгүй байх гэж бодож байна. Хамгийн гол нь олон хүнд хүргэх зорилгоор дундаж буюу ийм л ханш тогтоосон.  Эхний ээлжинд 1000 хувь хэвлэгдсэн номын маань өнгө үзэмж, хэвлэлтийг чанартай гүйцэтгэсэн “Эдмон” компанийн хамт олонд талархал дэвшүүлэхийг хүсч байна. 
 
Өвөг дээдэс минь бидэнд энэ сайхан дэлгэр баян нутаг орныг, агуу их түүх соёлыг харамгүй үлдээж. Одоо бид тэр агуу түүхийг нь өдөр бүр уншиж, өвөг дээдсийнхээ сүлд шүтээнд залбирч явах цаг болжээ. Тэгэхгүй бол бид түүхээ сайн мэдэхгүй байхад дэлхий бидний өвөг дээдсийн түүхийг нэгд нэгэнгүй судалчихаад биднээс түрүүлээд кино өөр бусад хэлбэрээр түгээн зарж, борлуулж ашиг олоод байна. Тэгэхээр одоо ийм ойлгомжтой болсон “Нууц товчоо”-гоо бүх Монголчууд уншаарай л гэж уриалж байна.
 
Эх сурвалж: