sonin.mn
Алдарт хөлбөмбөгийн холбооны сонгууль боллоо. Олон нийтэд буруу ойлголт байсан нь, хөлбөмбөгийнхөн хоёр тал болж талцаад нэг нь ялсан мэт харагдсан бол үнэндээ хөлбөмбөгчид, өмнөх зүй бус инстүүцийг ашиглаж, бүхнийг хуучнаар нь үлдээх гэсэн улстөрчдийн багтай тулалдлаа. А.Ганбаатар хөлбөмбөгтэй огт хамааралгүй аймгийн Засаг даргын аппарат, ИТХ-ын түшмэлүүд, аймгийн АН-ын албан тушаалтнуудын саналыг авч Ерөнхийлөгч болж байхад зөв гэж дэмжиж буй хүмүүсийн шударга гэдэг ойлголт ямар вэ гэдгийг төвөггүй мэдэж болохоор.Түүх шүүх биз ээ.
 
Хөлбөмбөгчид бид бүхнийг хууль ёсны дагуу дүрмээрээ хийнэ гэдэг зорилгодоо хүрч, хэн нэгнийг хүний наймаачин хүртэл болгож доромжилж, гүтгээгүй. Бид эхлэлээ хууль ёсоор хийхийг хүсч, тэрэндээ хүрлээ. Тиймээс Б.Мэдрээ шиг ёс зүйтэй хүнийг нүүр царайгаа болгохыг хүссэн. Хөлбөмбөгийг хөгжүүлэх гэсэн сэтгэл зүрхээрээ нэгдсэн чадварлаг баг болсон юм. Бид хэн нэгэнтэй биш системтэй нь тэмцсэн.
 
Хуучин буурангуй системийг хэвээр нь хадгалж, улс төрийн халаасанд хийх гэсэн оролдлогыг зогсоохыг хүссэн билээ. Манай улсын хууль, хуулийн хэрэгжилт, ёс зүйгүй улс төрчийн том савар хөгжпийн тушаа болдгийг өөрийн биеэр тодорхой мэдрэв. Хөлбөмбөгийн холбооны гишүүн бус, тэмцээн уралдаан тоодоггүй олон аймаг энэ сонгуулийн үеэр бүгд хөдөлгөөнд орж, улс төрийн төлөөлөгчид хөлбөмбөгчдийн ирээдүйг шийдэх сонгуульд санал өгсөн нь түүхийн нэгэн сургамж болох биз ээ. Одоо эхнээсээ “Та хэд холбоогоо авч болно, бидний ажил дуусчихлаа” гэж орон нутгийн зарим албан тушаалтан хэлж байна.
 
Яагаад түүхэн Их хурал вэ гэхээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх А.Ганбаатар улс төрийн албан хаагчдыг ашиглаж ерөнхийлөгчөөр сонгогдсон боловч Дэд Ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдээр үндсэндээ хөлбөмбөгчид сонгогдсон юм.
 
Эхний Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг сонсоод хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчид шууд сэтгэл санаагаар унасан бөгөөд Гүйцэтгэх хороо маргааш нь шигшээ багийнхантай уулзаж сэтгэл санааг нь сэргээж, дараагийн ажилдаа орсон юм. А.Ганбаатар гүйцэтгэх хороотой уулзсан эхний хурал дээр “Хэдүүлээ тэгж байгаад уулзья” гэхэд, “Үгүй ээ, бид шууд ажилдаа орох ёстой, Зүүн Тимортой тоглох шигшээ багийн асуудал зуун задгай байна” гэдгийг Гүйцэтгэх хорооныхон хэлсэн билээ.
 
Өмнөх гурван сарыг мартаад зөвхөн эндээс л харахад А.Ганбаатарт хөлбөмбөг хөгжих эсэх нь хамаагүй, МХБХ-г өөрийнхөө амралтын газар гэж боддог нь илт байгаа юм. Дэлхийн аваргын урьдчилсан тоглолт болох онцгой үе ирчихээд байхад Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичгийн дарга хоёр нь ажлаа орхиод гадагшаа явчихсан, Гүйцэтгэх хорооны хоёр гишүүн хувиасаа мөнгө гаргаж эмч, массажист, амин дэм, хэдэн төрлийн жимсээр хангаж байна.  Уг нь энэ сонгууль, бүхнийг өөрчилж, ядаж зүй ёсны инстүүцийг эхлүүлэх нэн чухал Их Хурал байлаа.
 
Хэрвээ Гүйцэтгэх хороонд улс төрийн баг гарч ирсэн бол хөлбөмбөг гэдэг спортыг нэг хэсэгтээ мартах хэрэгтэй болох байлаа. Хөгжье гэвэл нэг л сонголт үлдсэн. А.Ганбаатар хөлбөмбөгчдийн хийх бүх сайн сайхныг өөртөө наагаад нэрээ цэвэр авч үлдэх. Эс бөгөөс А.Ганбаатарын ёс зүйгүй бодлого, томилгоог Гүйцэтгэх хороо батлахгүй болохоор ажил явахгүй.
 
Өмнөх Ерөнхийлөгчийн үеэс хөлбөмбөгчдийн нэр хүнд муу байсан. Ямар олон чадварлаг, ёс зүйтэй хүмүүс МХБХ- ноос гадуур үйл ажиллагаа явуулж байсныг олон нийт мэдэхгүй байх. Гуравхан сая хүнтэй, гаднаас санхүүждэг спорт Монголд хөгжих боломж өндөр. Цаг уур хамгийн том бэрхшээл гэж бодож байгаа бол үгүй. Харин зүй бус инстүүц л хамгийн том бэрхшээл болчихоод байна.
 
Орчин үед хөлбөмбөгийг ямар орчин нөхцөлд яаж хөгжүүлэх нь бүгд тодорхой болчихсон. ОУХБХ хөгжих бүх боломжийг нь хангаж бүх талын сургалт явуулдаг. ОУХБХ ашгийн бус байгууллага учраас хөлбөмбөгт орж ирэх их мөнгийг гишүүн холбооддоо хуваарилдаг (Их Хурлын өмнө 300 000 ам.доллар орж ирсэн). Энэ тоо жил ирэх тусам нэмэгдэж буй. Зөв ашиглах эсэх нь тухайн улсаасаа хамаарч, хөгжил тодорхойлогдоно. Хөлбөмбөгийг хөлбөмбөгчид багийнхан битүү цэнгэлдэх, бэлтгэлийн бааз, аймаг бүрт хиймэл зүлгэн талбай барих ажлыг төлөвлөөд, яаж хийх, санхүүжилт хаанаас олохоо ч тооцоолчихсон байлаа.
 
Эхний битүү цэнгэлдэхийн төсөл аль дээр эхэлчихсэн байгаа бол өвөл, зунгүй бэлтгэл хийх бэлтгэлийн баазын ажил ард нь хүлээж байна. 21 аймагт хийх хиймэл зүлгэн талбайг ОУХБХ- ны “Гоол” төслийн хүрээнд санхүүжилт авах боломжтойг бид судалж үзсэн. Зөвхөн үндэсний лигээ телевизээр шууд дамжуулахад зориулж АХБХ- ны гурван сарын үнэгүй сургалт ч бий. 
 
Манай телевиз, хөлбөмбөгийн уялдаа өөр түвшинд очих юм. Өмнөх 17 жил, сүүлийн гурван сарын гэр бүлийн ёс зүйгүй байдлыг арилгах ёс зүйн хороо, Сахилга батын хороо, Маргаан таслах хороо, Аудит хяналт шалгалтын хороог ОУХБХ- ны жишгээр хийхийг зорьж байна. Хэрвээ эдгээр хороод байсан бол өмнөх хууль зөрчсөн ёс зүйгүй үйл явдал болохгүй байлаа. Цааш нь дурьдаад байвал хийх ажил, ашиглах боломж олон байна. Энэ бүхнийг хийх үү, хорих уу гэдэг А.Ганбаатараас шалтгаална. Хийсэн ч, хийгээгүй ч бүх гавьяа, эсвэл балаг нь Ерөнхийлөгч дээр буудаг жамтай.Хийхгүй бол хатгах хүмүүс олон!
 
Гүйцэтгэх хороонд жишиг клуб “Дэрэн”-гийн эзэн Г.Мөнхчулуунаас эхлээд, “төгс” англи хэлтэй АХБХ-ны шүүгчийн зааварлагч М.Батболд, “Хоромхон”клубийн эзэн Б.Гансүх, “Сэлэнгэ Пресс”-ийн эзэн М.Болд, “Эрчим” клубийн ТУЗ-ийн гишүүн, шигшээ багийн ахлагч байсан Б.Болдбаатар, “Хангарьд” клубийн ТУЗ-ийн гишүүн Даваасамбуу, лигийн аварга дасгалжуулагч Б.Батсайхан, эмэгтэй нэг гишүүнээр “Дэрэн” клубийн ивээн тэтгэгч Ж.Хишигжаргал нар багтсан юм.
 
Харин Б.Батзаяа гэж ДМЮ клубээс сонгогдсон хэний ч танихгүй залуу хамгийн өндөр санал авсан нь сонгууль ямар “бүдүүлэг” болсныг бүрэн гэрчлэх биз ээ. Дэд ерөнхийлөгчөөр Монголын хамгийн нэр хүндтэй хөлбөмбөгчин Б.Буман-Учрал сонгогдож, Ерөнхийлөгч А.Ганбаатарыг оролцуулаад 11 хүн Монголын хөлбөмбөгийн дараагийн дөрвөн жилийг удирдана. Амжилт хүсье!
 
Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд багийнхан